Дональд Трамп “Boeing 737 MAX 8, 9” загварын нисэх онгоцнуудаар нислэг үйлдэхийг зогсоов
АНУ “Boeing 737 MAX” загварын онгоцоор нислэг үйлдэхийг зогсоох шийдвэр гаргалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Америкчуудын аюулгүй байдал эн тэргүүнд тавигдана. Тиймээс “Boeing”-ийн онгоцны ослын шалтгаан тодорхой болтол “737 MAX” загварын бүх онгоцнуудын нислэгийг цуцална" гэж мэдэгдсэн байна.
“Boeing”-оос татгалзах улс орнуудын тоо нэмэгдэж, үнэлгээ нь олон тэрбум ам.доллароор буурч байгаа нь тус компанид ирэх шахалтыг нэмэгдүүлж байна. “MAX” загвар нь “Boeing”-ийн үйл ажиллагааны ашгийн 30 хувийг бүрдүүлдэг аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ethiopian Airlines-ийн осолдсон нислэгтэй холбоотой шинэ мэдээллийн талаар Холбооны агаарын тээврийн Удирдах газар мэдэгдэл хийхээр бэлтгэж байна. “Boeing 737 8” болон “Boeing 737 9” шинэ загварын нисэх онгоцнуудад мэргэжилтнүүд шалгалт хийж байгаа.
Эдгээр нисэх онгоцнуудын бүх нислэгүүдийг яаралтай зогсоох шийдвэр гаргаж байна. Агаарын тээврийн компаниуд үүнтэй санал нэгдэж байгаа байх. Америкчуудын аюулгүй байдал бидэнд хамгийн чухал. “Boeing” маш сайн компани. Одоо бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Удахгүй хариу өгнө гэж найдаж байна. Тэр болтол бүх нислэгүүдийг зогсоож байна” гэж мэдэгджээ.
Дональд Трампын мэдэгдлийн дараа “Boeing”-ийн хувьцааны ханш 3.2 хувиар унажээ. Тус компанийн үнэлгээ энэ долоо хоног гарснаас хойш 27 тэрбум ам.доллароор буураад байна.
“Boeing”-ийн шинэ загварын онгоцны нислэгүүдийг цуцалсан орнуудын тоо одоогоор 40 даваад байна. Зарим нь энэ төрлийн онгоцны дамжин өнгөрөх нислэгт ч хориг тавьжээ. Тухайлбал, хамгийн сүүлд Канад, ОХУ “Boeing”-ийн “737 MAX”-аас татгалзжээ.
Үүнээс өмнө АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газар “Boeing”-ийн онгоцнууд аюулгүй гэж удаа дараа мэдэгдсэн юм. Харин сүүлд гаргасан шинэ мэдэгдэлдээ “Осолдсон онгоцны шинжилгээний дүн гартал хязгаарлах арга хэмжээ үргэлжилнэ” гэж онцолсон байна. Харин энэ талаарх эцсийн шийдвэрээ Этиоп улсын Засгийн газар гаргаагүй байгаа гэдгээ мэдэгджээ.
Хэдий тийм боловч “Ethiopian Airlines”-ийн хувьд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөр биш Европын шинжээчдээр хар хайрцгийг шалгуулах нь стратегийн хувьд зөв шийдвэр гэж тус компанийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал мэдэгджээ. Европ руу илгээвэл АНУ-д итгэл хүлээлгэхгүй байгаагийн илэрхийлэл болох ч Германы талаас техникийн шалтгааны улмаас энэ шалгалтыг хийхгүй гэж мэдэгджээ.
“Boeing”-ийн шинэ загварын онгоц сүүлийн таван сард хоёр ч удаа осолдоод байна. Харин АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газар "Онгоц аюулгүй" гэж мэдэгдэж ирсэн нь эргэлзээ бий болгожээ. Өнгөрсөн ням гарагт болсон осолд шинжилгээ хийж байгаа баг бүрэлдэхүүнийг Этиопын Зам, тээврийн сайд удирдаж байгаа юм байна. Ням гарагт болсон ослын хохирогчдын дунд 35 улс орны иргэн байсны дотор Английн долоон иргэн байжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN