Путины онгоцны оронд Малайзын онгоц өртсөн бололтой
Малайзын агаарын тээврийн Боинг онгоц Украины нутаг дэвсгэрт сүйрсэн явдал дэлхий нийтийг шуугиулж байна. Уг зорчигч тээврийн онгоцонд нийт 283 зорчигч, нисэх багийн 15 хүн явсан бөгөөд тэдний олонх нь буюу 154 зорчигч Нидерландын иргэд байсан аж. Дараа нь зорчигчдын тоогоороо Австрали орж байгаа бөгөөд Малайзын нисэх багийнхныг оролцуулаад 45 хүн л уг онгоцонд сууж явжээ.
Уг онгоц Амстердамаас Куала-Лумпур орохоор нисч явсан бөгөөд замынхаа бараг талыг туулаад байжээ. Сүйрлийн тухай анхны мэдээлэл өнгөрөх шөнөөс цацагдаж эхэлсэн ба онгоц Донецк мужийн Шахтерскийн районы Грабовое суурингаас холгүй сүйрсэн аж. Хамгийн анхны зургуудыг нутгийн оршин суугчид авчээ. Тэд сүйрсэн онгоцныхонд туслахаар яаравчилсан боловч хэнийг ч аварч чадсангүй.
Maлайзын онгоцны сүйрлийг харсан гэрчүүдийн ярианаас
Онгоцыг зенит-пуужингийн “Бук” төхөөрөмжийн тусламжтайгаар Украины цэргийнхэн, эсвэл салан тусгаарлагчид сөнөөсөн байх магадлалтай байгаа бөгөөд энэ төрлийн зэвсэглэл Украины армид байдаг юм байна.
Сүйрлийн үед Малайзын онгоц Украины диспетчерүүдийн хяналтын бүсэд явж байжээ. Түүнийг радарын дэлгэц дээр Дон дахь Ростов /Ростов-на-Дону/ хотын диспетчерүүд ажиглаж байсан бөгөөд 10100 метрийн өндөрт уг онгоц гэнэт дэлгэцнээс алга болсон аж.
Буудсан пуужингийн зорилтот бай нь Оросын Ерөнхийлөгчийн онгоц байсан бололтой. Энэ талаар Оросын нисэх хүчний эх сурвалжаас “Интерфакс” агентлагт мэдээлсэн гэжээ. Оросын төрийн тэргүүний онгоц болон Малайзын сүйрсэн онгоц хоёр нэг цуваанд, адил цэг дээр огтлолцож өнгөрсөн аж .Түүнээс гадна, Малайзын онгоцны гадна өнгө төрх Оросын онгоцтой их төстэй юм байна.
Уг онгоц ямар учраас байлдаан болж буй нутаг дэвсгэр дээгүүр нисч явсан талаар тодруулах хэрэгтэй байгаа бөгөөд дэлхийн томоохон авиакомпаниуд Украины газар нутгийг тойрч нисэх шийдвэр гаргаад байгаа юм. Сүйрлийн газарт ажиллаж буй мэргэжилтнүүд онгоцны хар хайрцгийг олсон ба шалгаж шинжлэх ажлууд үргэлжилсээр байна.