Хятад улс Boeing 737 Max загварын онгоцнуудын нислэгийг зогсоох шийдвэр гаргалаа
Ням гарагт Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц үл мэдэгдэх шалтгаанаар осолдож, 157 хүний амь үрэгдээд байгаа билээ.
Энэ нь сүүлийн таван сарын дотор Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон тохиолдол болж байна.
Аравдугаар сард Lion Air компанийн ийм онгоц Индонезийн нийслэлээс хөөрөөд удалгүй далайд унаж, 189 хүний амь үрэгдсэн юм.
Тэгвэл Хятадын иргэний агаарын тээврийн зохицуулах газар өнөөдөр өглөө дотоодын авиа компаниудадаа Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг оройн 6:00 цагаас өмнө зогсоох даалгавар өгсөн байна.
Тус байгууллагын мэдэгдэлд нэг загварын нисэх онгоц богино хугацаанд ижил төстэй шалтгаанаар дараалан осолдсон тул зогсоох шийдвэр гаргасан гэжээ.
АНУ-ын агаарын тээврийн зохицуулах байгууллагууд болон Boeing компанитай уг асуудлаар холбогдож, ярилцсаны дараа Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх гэнэ.
2016 онд зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн уг загварыг өнөөдөр Хятадын арав гаруй компани 60 орчмыг худалдан авч, ашиглаж байгаа ажээ.
Өнөөдөр бас Британий харьяанд байдаг Кайман арлын Cayman Airways компани өөрийн хоёр Boeing 737 Max 8 загварын онгоцны нислэгийг зогсоосон байна.
Ослын шалтгааныг тогтоох хүртэл эдгээр онгоцнуудаа нислэгт ашиглахгүй бөгөөд “зорчигчдын аюулгүй байдал хамгийн эхэнд тавигдана” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Фабиан Уормс мэдэгджээ.
2017 оноос хойш Boeing 737 Max загварын 5,000 орчим онгоцны захиалгыг Boeing компани аваад байгаагаас 300 гаруй нь дэлхийн өнцөг булан бүрт нислэг үйлдэж байгаа юм.
Эх сурвалж: www.ikon.mn
|