Ниссаны экс босс тэрбум иений барьцаагаар суллагдлаа
Японы Ниссан Мотор компанийн ерөнхийлөгч асан Карлос Гоныг өнөөдөр үдээс хойш Токиогийн Саатуулах Төвөөс нэг тэрбум иений ($9 сая орчим) барьцаатай суллажээ.
Дэлхийн авто үйлдвэрлэлийн том удирдагчид тооцогддог байсан тэрээр арваннэгдүгээр сарын 19-нд баривчлагдсанаасаа хойш 108 хоногийг давчуу, тав тухгүй өрөөнд хоригдож өнгөрөөсөн юм.
Прокурорууд Гоныг үргэлжлүүлэн саатуулах хүсэлт гаргаад байсан ч Токиогийн шүүх татгалзсан хариу өгснөөр Японы түүхэнд байгаагүй өндөр барьцаатай суллагдаж байна.
Ниссанаас гадна Renault, Mitsubishi Motors компаниудын ерөнхийлөгч байсан Карлос Гон маш хатуу нөхцөлтэй гэрийн хорионд байх үүрэг хүлээж байгаа гэнэ.
Тэрээр Токио хотоос гарах эрхгүй бөгөөд паспортоо хураалгаж байгаа. Интернэтээр бусадтай харилцах, текст мессэж илгээх эрхгүй Гон хэрэгт нь холбоотой этгээдүүдтэй холбоо барих хориотой бөгөөд зөвхөн өмгөөлөгчийнхөө компьютер дээрээс интернэтэд холбогдох эрхтэй.
Мөн Токиогийн гэрийн гадаа хаалганд нь хяналтын камер суурилуулахаар болсон байна.
Ниссанд ажилласан арав орчим жилийн хугацаандаа Карлос Гон нийтдээ $82 саяын орлогоо татвараас нуусанд буруутгагдаад байгаа. Мөн хувь эзэмшигчдийн итгэлийг эвдэж, компанийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан гэгдэж байна.
Хэрвээ түүнд тулгаж буй бүх ял хэрэгжвэл 15 хүртэл жил шоронд хоригдох боломжтой. Карлос Гон 2000-аад оны үед Ниссаныг дампуурлын ирмэгээс аварч, Nissan-Renault-Mitsubishi бизнесийн нэгдлийг байгуулсан нь нийлбэр дүнгээрээ дэлхийд томд тооцогдох үйлдвэрлэгч болсон юм.
Баривчлагдах үедээ тэр дээрх гурван компанийг нэгтгэх санаа гаргаж байсныг Ниссаны удирдлагуудын нэлээд хэсэг нь эсэргүүцэж байсан гэдэг.
Одоогоор гурван компани нь харилцан бие биеийн хувийг эзэмшиж, үйл ажиллагаа, бэлтгэн нийлүүлэлтээ нэгтгэсэн хэлбэрээр явуулдаг юм.
Эх сурвалж: IKON.MN
|