И.Энхболд: Хоёр орны тэргүүн энэ удаа шийдвэрлэх алхам хийнэ
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор И.Энхболдтой ярилцлаа.
-Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалт эхэллээ. Ямар сэдвийг голчилж ярих бол?
-Энд хоёр том асуудал бий. АНУ -ын талаас Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Хойд Солонгосын талаас эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулахыг хүсэж байгаа. Тэр нь ямар нөхцөлтэй байх вэ гэдэг асуулт юм. АНУ цөмийн зэвсгээ бүрэн устгавал яриа хэлэлцээ хийнэ гэж байгаа. Хойд Солонгосын зүгээс та нар эдийн засгийн хоригоо цуцалбал бид цөмийн байгууламжаа устгана гэдэг. Хоёр талын “хөзөр” ийм.
АНУ цөмийн байгууламжаа цогцоор нь устгасны дараа гэдэг асуудлыг тавьж байхад Хойд Солонгосын талаас бага багаар ахиулъя, үе шаттай хийе гэдэг. Вьетнамд хийж буй хоёр өдрийн уулзалтаар талууд энэ байр сууриа илэрхийлэх байх. Нарийвчилж үзвэл, Хойд Солонгосын Ёнбён дахь цөмийн байгууламжийг устгах талаар зарим зүйлийг авчирч байгаа болов уу. Нөгөө нь тив алгасах пуужингийн нэг хэсгийг устгах, мөн пуужинг хөөргөх тээвэрлэгч, хөдөлгүүрийн нэг хэсгийг устгах “хөзөр”-ийг дэлгэх байх гэсэн таамаг байна.
-Өмнөх уулзалтуудаас ахисан төвшинд шийдвэрлэх алхам хийх болов уу?
-Ямар нэг байдлаар шийдвэр гарна гэж судлаач, ажиглагчид үзэж байгаа. Шийдвэр гарна гэдэг нь Хойд Солонгос цөмийн зэвсгээ тодорхой хэмжээнд устгах талаар бодит ажил өрнүүлэх болов уу гэсэн найдлага байна. Яагаад гэвэл, хоёр орны тэргүүн Сингапурт уулзаад өнгөрсөн бол Вьетнамынх гурван өдөр үргэлжилж, дор хаяж таван удаа уулзах юм. Дараа нь ганцаарчилсан уулзалтууд болно.
-Хойд Солонгосын тал эдийн засгийг багасгах хүсэлтэд юуг онцлох бол?
-Нэгдүгээрт, нүүрсний экспорт болон шатахууны импортын хоригийг цуцлахыг хүссэн. Цааш Кымгансан уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг эргэж сэргээх, хоёр Солонгосын хоорондох төмөр зам, авто замын төслүүдийг дэмжүүлэхийг хүсэж байгаа нь ойлгомжтой. Мөн ажиллах хүчний асуудал,компанийн үйл ажиллагаа, олон улсад явуулдаг хоолны газрууд нь хаагдсан зэргийг цэгцлэх хүсэлт тавих байх.
Өөр нэг асуудал нь дайн зогсоох тунхаглал, энх тайвны гэрээ хийх, хоёр улсын хооронд дипломат харилцааг хэвийн болгож, үл итгэлцэх байдлыг арилгахад чиглэх болов уу. Хойд Солонгосын тал АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуульд эмзэг ханддаг, иймд үүнийг зогсоох асуудлыг тавих байх.
-Уулзалтад нөлөөлөх хүчин зүйлүүдийг та юу гэж үзэж байна вэ?
-Д.Трампын талаас сөрөг хүчин, парламент нь байна. Дээр нь түүний бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байгаа. Энэ удаа тохиролцоо хийж чадахгүй бол эрх нь дараагийн Ерөнхийлөгчид шилжих учраас түүнд цаг бага, иймд тохиролцох эрмэлзэл их байгаа. Нөгөө талаас, Ким Жон Ун ч гэсэн эдийн засгийн хориг нь үргэлжилбэл алдагдалд орно. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Ким Жон Уны хамгийн эмзэглэж байгаа асуудал нь эдийн засаг юм.
-Солонгосын хойгийн асуудлыг Өмнөд Солонгос шийдэх гээд байна уу гэдэгт эрдэмтэд ямар байр суурьтай байна?
-БНСУ-ын Ерөнхийлөгч Мү Жэ Ин одоогоор хоёр улсын тэргүүний дээд хэмжээний уулзалт амжилттай болоосой гэсэн байдлаар ажиглагчийн байр сууриас хандаж байна. Харин Ким Жон Уны зүгээс Д.Трамптай уулзсаныхаа дараа Мү Жэ Интэй утсаар ярих болов уу гэж судлаачид таамаг дэвшүүлж байгаа. Миний хувьд уулзалт дуусаад замаараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаад нутагтаа очих байх. Нутагтаа очсоны дараа Мү Жэ Интэй утсаар ярих, эсвэл бие төлөөлөгчөө явуулах байдлаар харилцах болов уу гэж харж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
|