Ирэх нэг жилд Их Британийн эдийн засаг агших магадлал 30 хувь
Ирэх нэг жилд Их Британийн эдийн засаг уналтад орох магадлал 30 хувь байгааг “Bloomberg”-ийн шинжээчид тооцооллоо. Өөрөөр хэлбэл эдийн засаг нь хоёр улирал дараалан агших магадлал 30 хувь байгаа нь 2016 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Их Британи хэлэлцээргүйгээр Европын Холбооноос гарах нь эдийн засаг агших магадлалыг нэмэгдүүлнэ гэж Английн Төв банкны тэргүүн Марк Карни мэдэгдсэн юм. Мөн BREXIT-ийн тодорхойгүй байдал компаниуд болон айл, өрхүүдэд сөргөөр нөлөөлж эхэлснийг онцолж байна. Үүнээс гадна томоохон хөрөнгө оруулалтууд ч саатаж байгаа аж. Тухайлбал, “Nissan” компани Их Британи дахь үйлдвэртээ шинэ загварын автомашинаа үйлдвэрлэх төлөвлөгөөгөө цуцалжээ. Мөн нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани ч ирээдүйн хөрөнгө оруулалтаа Их Британиас бусад улсад хийхээ мэдэгдсэн юм. Түүнчлэн хэлэлцээргүй BREXIT-ийн дараа Их Британид 750 мянган хүн ажилгүй болох урьдчилсан тооцоотой байгаа аж. Зөвхөн Их Британи төдийгүй Европын Холбооны бусад орны хөдөлмөрийн зах зээлд ч нөлөөлөхөөр байна. Ялангуяа Германд 100 мянган хүн ажлын байраа алдах тооцоотой байгаагийн дийлэнх нь автомашин үйлдвэрлэлийн салбарт хамаарч байгаа ажээ.
Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард “Хувийн хэвшлийнхэн, компаниуд BREXIT-ийн тодорхойгүй байдалд бэлдэж байна. Хэдий тийм боловч BREXIT-ийн шилжилтийн хугацааг сунгаагүй, мөн Их Британи Европын Холбооноос гарах тов буюу гуравдугаар сарын 29-нөөс өмнө бэлтгэлээ хангах боломжгүй. Түүнчлэн Их Британи Европын Холбооноос гарахаа болих шийдвэр гаргасан ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэж бодож байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Bloombergtv.mn
|