Майк Помпео НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд Венесуэлийн шинэ удирдагчийг хүлээн зөвшөөрөхийг уриална
НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааныг өнөөдөр буюу Бямба гарагт зарлан хуралдуулах санаачилгыг АНУ-ын засаг захиргаа гаргаад байна.
Хуралдааны зорилго нь Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болохыг хүлээн зөвшөөрөх ажээ.
“Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео зөвлөлийн гишүүн орнуудаас Хуан Гуайдог Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болохыг хүлээн зөвшөөрч, шилжилтийн засгийн газар байгуулах, ардчилал, хууль ёсыг сэргээхэд дэмжин ажиллахыг уриалах болно” гэж төрийн департментын мэдэгдэлд өгүүлсэн байна.
НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 15 орон байдаг. Тэдгээрээс АНУ-ын уриалгыг хамгийн хүчтэй эсэргүүцэж байгаа нь Николас Мадурогийн гол холбоотон ОХУ юм.
Хэрвээ НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Венесуэлийн асуудлаар хуралдвал Оросын төлөөлөгч олон улсын хууль дүрмийг сахихыг шаардах болно гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн тухай өчигдөр РИА Новости агентлаг мэдээлжээ.
ОХУ-ын НҮБ-д суугаа элч Василий Небензя аюулгүй байдлын зөвлөл Венесуэлийн асуудлаар хуралдах шаардлагагүй, энэ бол улс орны дотоодын асуудал хэмээн өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдэж байв.
Эх сурвалж: ikon.mn
|