Конго улсад улс төрийн байдал хурцаджээ
Конго улсын дээд шүүхээс парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Феликс Чисекеди-г дэмжсэн тогтоол гаргасан байна. Харин түүний гол өрсөлдөгч Мартин Фаюулу тогтоолыг эсэргүүцэн ард иргэдийг эсэргүүцэлд уриалан дууджээ.
Чисекеди-г дэмжигчид шүүхийн тогтоолд баярлан гудамж талбайд баяраа тэмдэглэцгээж байхад Мартин Фаюулу “шүүхийн энэ шийдвэр төрийн эргэлт хийх нөхцөл бүрдлээ” гэсэн байна. Түүний энэ мэдэгдэл Бүгд найрамдах ардчилсан Конго улсын улс төрийн хямрал газар авах вий гэсэн болгоомжлол дагуулж эхэллээ.
Өнгөрөгч 12 дугаар сарын 30-нд болсон Конгийн парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилал, нийгмийн хөгжлийн төлөө холбооноос нэр дэвшигч Феликс Чисекеди 38,6 хувийн дэмжлэг авсан бол түүний гол өрсөлдөгч Сөрөг хүчний хөдөлгөөнийн нэр дэвшигч Мартин Фаюулу 34,8 хувийн санал авсан юм.
Эх сурвалж: МҮОНР
|