Дональд Трамп Давост хийх айлчлалаа цуцаллаа
Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих асуудлаар Ардчилсан намынхантай санал зөрөлдөөнтэй байгаагийн улмаас Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарын Давос хотноо хийхээр товлосон айлчлалаа цуцалж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Хилийн болоод манай улсын хувьд аюулгүй байдлын хамгийн чухал асуудлаарх Ардчилсан намын эвлэршгүй байр суурийн улмаас би Швейцарийн Давост хийх чухал айлчлалаа цуцалж байна. Дэлхийн эдийн засгийн чуулганаас хүлцэл өчье” гэж тэрбээр пүрэв гарагт Twitter хуудсандаа бичсэн байна.
Америкийн удирдагч нэгдүгээр сарын 21-нд Давосыг зорихоор төлөвлөж байсан тухай Цагаан ордон урьд нь мэдээлжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 22-нд Вашингтонд буцан ирэхээр товлосон байв.
Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын Засгийн газар өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоосон билээ. Конгресст Бүгд найрамдах болон Ардчилсан нам төсвийн асуудлаар өнөөг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих 5.7 тэрбум ам.долларыг төсөвт суулгахыг шаардаж байгаа юм. Ардчилсан намынхан энэ мөнгийг улсын төсвөөс гаргахгүй гэж мэдэгдсээр байгаа аж.