АНУ-ын ерөнхийлөгч ирэх өдрүүдэд Мексиктэй залгаа хил дээр очно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх пүрэв гарагт Мексиктэй залгаа хил дээр очиж тэнд алба хааж байгаа хилчид болон бусад албаныхантай уулзахаар төлөвлөжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлснийг хэвлэлүүд иш татан дамжуулж байна. Харин Ерөнхийлөгч Трамп өнөөдөр улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ард түмэндээ хандаж үг хэлэх гэж байгаа аж.
Энэ мэдэгдэлдээ, тэрээр Холбооны засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт, Конгресс дахь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын хоорондын санал зөрөлдөөний тухай хөндөж ярихаа мэдэгджээ. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын аюул заналхийлэл, хүмүүнлэгийн хямралуудтай холбоотойгоор ард түмэндээ хандаж үг хэлнэ гэдгээ илэрхийлсэн байна.
АНУ-ын Холбооны засгийн газрын зарим яамд, агентлагуудын үйл ажиллагаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос санхүүжилтгүйн улмаас түр зогсоод байгаа. Конгресс дахь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Трампын хүссэн Мексиктэй залгаа хилийн дагууд хамгаалалтын хана босгоход шаардлагатай 5,7 тэрбум ам.долларыг төсөвт суулгахтай холбоотой асуудлаас болж санал зөрөлдөж улмаар 2019 оны санхүүгийн жилийн төсвийн түр төслийн хүчинтэй хугацааг сунгаж чадахгүй гацаанд орчхоод байгаа юм.