Токиогийн Олимпийн зардлыг 12 тэрбум ам долларт багтаана
Токиогийн 2020 оны зуны олимп болон паралимпын наадмыг зохион байгуулах өртгийг 12 тэрбумд багтаахаар төлөвлөж байгаа тухай зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Токиогийн олимпийг зохион байгуулах хорооны гишүүд Олон улсын олимпийн хороо болон Японы Засгийн газартай зөвлөлдсөний үндсэн дээр зардлыг 12 тэрбум ам.доллароос хэтрүүлэхгүй байхаар тохирчээ. Харин хоёр сарын өмнө олимпийн бэлтгэл ажлын явцад төсвийг нэмэх зайлшгүй шаардлагатай байгааг зохион байгуулах хорооны гишүүд хэлээд, нийт төсвийг 25 тэрбум ам.долларт хүргэх хэрэгтэй байгааг онцолсон байна.
Төсвийн хэмжээ ийнхүү огцом нэмэгдэх болсны дараа Японы үндэсний аудитын газраас олимпийн бэлтгэл ажилтай холбоотой дэд төслүүдэд шалгалтын ажлыг хийж, зарцуулалтыг танах төлөвлөгөөг танилцуулсан ажээ.
Агааржуулалт, техник технологи, тамирчдын байрлах байр, тээвэр, дасгал сургуулилт хийх газар, сайн дурынханд сургалт хийхээс гадна олимпийн бэлтгэл ажилд тусгагдсан хамгийн өртөг өндөртэй ажлын нэг нь 350 сая ам.доллароор баригдаж буй шинэ цэнгэлдэх хүрээлэн аж.
Хүн төрөлхтний энхийн их наадам болох олимп нь үеийн үед л асар өндөр зардлаар хийгддэг байсан бөгөөд бусад төслөөс ялгаатай нь анх төлөвлөсөн төсвийн хэмжээнээсээ ямагт өсч байдаг хэмээн Олон улсын олимпийн хорооны гишүүд хэлжээ.
Азийн орнуудаас анх удаа Япон улс 1964 онд Токиогийн зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. Түүнчлэн 1972 онд Саппород, 1998 онд Наганод өвлийн олимп зохион байгуулагдаж байв.
Эх сурвалж: zuv.mn
|