Япон улс цагаачлалын бодлогоо шинэчлэх үү
АНУ, Европын улстөрчид хүртэл гадаадынхан олноор ирэхийг шүүмжилдэг болсон хэдий ч дэлхийн хамгийн тусгаарлагдмал үндэстний нэг болох Япон улс цагаачлалын бодлогоо шинэчлэхэд ойртжээ. Парламентын доод танхимаар батлагдсан шинэ хуулиар тус улс хоёр төрлийн гадаадын ажилчдад үүд хаалгаа нээхийг зөвшөөрөв.
Япон хэл зохих түвшинд сурснаа нотолж чадсан доогуур мэргэжлийн ажилчид 14 салбарт ажиллах таван жилийн виз хүсэх эрхтэй болж байна. Өндөр мэргэжлийн ажилчдын хувьд хугацаагүй сунгах виз олгох ба гэр бүлээ авчирч болно.
Тэд 10 жил ажилласны дараа байнгын оршин суугчийн визэнд хамрагдах эрх нээгдэнэ.
Засгийн газар уг хуулийг сонгуулиас өмнө дээд танхимаар батлуулахыг хичээж буй. Хэрэгжээд эхэлбэл нэлээд сайн үр дүнд хүргэх нь дамжиггүй. Японд шинэ хүмүүс хэрэгтэй байгаа нь маргаангүй асуудал. Дөнгөж хоёр хувьтай эндхийн ажилгүйдлийн түвшин 1990-ээд оны эхнээс хадгалагдаж байна.
Барилга, халамжийн үйлчилгээ зэрэг хэд хэдэн салбарт ажиллах хүчний дутагдал хурц мэдрэгддэг. Урт хугацааны төлөв бүр ч түгшүүртэй. Саяхны таамгаас үзэхэд Японы хүн амын тоо 2065 он гэхэд өнөөгийн түвшнээс гуравны хоёроор буурна гэсэн тооцоо гарсан. Тэр үед дөрвөн япон хүний нэг нь 75- аас дээш настай байх аж.
Ерөнхий сайд Абэгийн захиргаа техникийн дадлагын хөтөлбөрөөр гадаадынхныг санаснаас олноор оруулжээ. Гэхдээ иймэрхүү арга хэмжээ ажиллах хүчний дутагдлыг нөхөхгүйг хүлээн зөвшөөрснийг шинэ хууль харууллаа. Цагаачдыг хүчтэй эсэргүүцдэг орны хувьд энэ бол нэлээд зоригтой алхам юм.
Засгийн газар хэлний дадлага, орон байрны талаар ярьж буй боловч уг төлөвлөгөө тодорхой зүйл багатай харагдана. Тухайлбал, япон хэлний багш нарын 60 хувь нь сайн дураар ажилладаг ахмадууд бол гадаадынхан байр хөлслөх гэхээр голдуу татгалзсан хариу авдаг.
Хувийн салбар эдгээр асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа авч цагаачлалын хууль зарим нэг том асуулт үүсгэсэн. Япон улс уг асуудлыг тойрсоор байх уу? Абэ шүүмжлэлтэй тулгарахаас эмээн тодорхой хариулт өгөхгүй байгаа. Японы олонх компани гадаадынхныг ажилд авахаас татгалздаг хэвээр. Учир нь дотоодын ажилтнууд гаднынхантай хамтран ажиллахад бэлэн бус гэж үздэг аж.
Ийм хандлага гадаадын авьяастнуудын замыг хаадаг. Сүүлийн судалгаанаас үзэхэд Азид ажил хайхад Японыг хамгийн тохиромжгүй газраар тодруулжээ. Тайвань, Өмнөд Солонгос, Сингапур гээд Хятад хүртэл дээгүүр жагсаж байхад Япон сэтгэхүйгээ өөрчлөх цаг иржээ.