Трамп Путинтэй хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалжээ
Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийхээр төлөвлөөд байсан уулзалтаа цуцаллаа.
Украины цэргийн усан онгоц, цэргүүд өнөөг хүртэл суллагдаагүй байгаа тул “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийх уулзалтаа ийнхүү цуцалж буйгаа мэдээлсэн юм.
АНУ ийм шийдвэр гаргасанд Кремлийн зүгээс харамсч буйгаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч В.Путин Дональд Трамптай уулзахад бэлэн хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Арваннэгдүгээр сарын 25-нд Украины тэнгисийн цэргийн хүчний гурван усан онгоц Керчийн хоолой орчим ОХУ-ын усан хилийг зөрчсөн хэмээн Оросын тал усан онгоцнуудыг цэргүүдийн хамтаар саатуулсан билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Украин улс 30 хоногийн дайны бэлэн байдал зарлаад байгаа бөгөөд ЕХ, НАТО-гийн зүгээс оролцогч талуудыг хүлээцтэй хандахыг уриалсан билээ.









