Обама, Клинтон, CNN-д тэсрэх бөмбөгтэй илгээмж иржээ
Өчигдөр Америк даяар тэсрэх бөмбөгтэй илгээмжүүд тарсан өдөр байлаа. Нью Йорк мужийн Уэстчестэр дэхь Хиллари Клинтоны гэрт ийм илгээмж ирсэн бол дараа нь нийслэл Вашингтонд байдаг Барак Обамагийн гэрт мөн ирсэн байна.
Удалгүй CNN агентлагийн Нью Йорк хот дахь Тайм Уорнер төвийн офист адил илгээмж ирсэн тухай мэдээлжээ.
Өөр хэд хэдэн сэжигтэй илгээмж Ардчилсан Намын бусад улс төрчдийн гэр, ажлын байранд хаяглагдан хүрсэн тухай мэдээлэл ирсэн байна.
Өнгөрсөн Даваа гарагт тэрбумтан Жорж Соросын гэрт мөн адил тэсрэх бөмбөгтэй илгээмж ирснийг мэргэжилтнүүд аюулгүй болгосон юм.
CNN өөрт нь ирсэнтэй адил илгээмж Цагаан ордонд ирсэн тухай мэдээлсэн ч аюулгүй байдлын албаныхан сүүлд энэ мэдээллийг няцаасан байна. Шуудангаар илгээсэн тэсрэх бөмбөг нь гар хийцийн, тэсрэмтгий нунтаг бодис, шилний хагархайгаар дүүргэсэн хоолой хэлбэртэй (pipe bomb) зэвсэг байжээ.
Одоогоор аюултай илгээмжийг ямар зорилгоор, хэн илгээсэн нь тодорхой болоогүй байна. Ардчилсан Намын нэртэй улс төрчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг чиглэсэн нь үүний цаана үндсэрхэг, хэт барууны үзэлтнүүд байгаа гэсэн албан бус таамаг, сэжгийг бий болгоод байгаа юм.
Гарсан хэрэг явдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп харамслаа илэрхийлж, “АНУ-д улс төрийн хүчирхийлэл, заналхийлэл оршин тогтнох орон зай байхгүй” хэмээн мэдэгджээ.
Тэрээр уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлснийг мэдэгдсэн юм.
Ердөө хоёр долоо хоног орчмын дараа Конгрессын завсрын сонгууль болох гэж байгаа үед ийм хэрэг гарсан нь Америкийн улс төрийн хуваагдлыг улам нэмэгдүүлэх зорилготой байж магадгүй юм.
Зарим ажиглагчид уг хэрэгт Дональд Трампыг буруутай гэж үзэж байна. Тэр өрсөлдөгч Ардчилсан Намын улс төрчид, өөрийг нь шүүмжилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү твиттер сүлжээгээр байнга довтолдог.
Эх сурвалж: IKON.MN
|