Фэйсбүүкийн постоор таныг сэтгэл гутралд орсон эсэхийг тодорхойлох боломжтой
Фэйсбүүкийн 2.2 тэрбум хэрэглэгч өдөр тутам улс төр, үерхэл, тэжээвэр амьтныхаа зураг гээд төрөл бүрийн зүйлс нийтэлж байдаг. Харин судлаачид тэрхүү постууд хэрэглэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар тодорхой хэмжээний мэдээлэл агуулж байдгийг тогтоожээ. Судлаачид өөрсдийнхөө ашигласан аргыг ирээдүйд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй хүмүүсийг олон нийтийн сүлжээн дэх постыг нь ашиглан олж тогтооход туслах боломжтой гэсэн байна.
Тэд 26 сарын турш мэдээлэл цуглуулсан бөгөөд 11,000 хэрэглэгчээс Фэйсбүүк дээрх постуудын мэдээллээ өгөхийг хүсэхэд 1200 нь зөвшөөрчээ. 1200 хэрэглэгчийн 114 нь өмнө нь ямар нэг байдлаар сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан аж. АНУ-д жил бүр 6 хүн тутмын нэг нь сэтгэл гутралд өртдөг гэсэн баримтад тулгуурлан тэд тэрхүү 114 хүн болон сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэж буй 570 хүний постуудыг харьцуулж үзсэн аж.
Нийт хагас сая постыг дүгнэсний эцэст сэтгэцийн эрүүл мэнд нь муудсан хүмүүсийн нийтлэг хэрэглэдэг үгийгтогтоохыг хичээжээ.
Үр дүнд нь сэтгэл гутрал, ганцаардалд өртөж байгаа хүмүүс “Би” гэх үгийг хамгийн ихээр ашигладаг гэж дүгнэжээ. Гэхдээ судлаачид “Дан ганц постоор хүний сэтгэцийн эрүүл мэндийг дүгнэх нь ташаа байх магадлал өндөртэй. Иймд зүрхний цохилт, нойр зэргийг нь мөн шинжилбэл зөв дүгнэлт гарна” гэжээ.
Эх сурвалж: GOGO.MN
|