Хамгийн өгөөмөр тэрбумтнуудыг зарлалаа
Forbes сэтгүүл сайн үйлсийн ажилд хамгийн их мөнгө зарцуулсан тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг тэрбумтан Уоррен Баффет тэргүүлжээ. Тэрбээр 2017 онд нийт 2,8 тэрбум ам.долларыг сайн үйлсийн ажилд зориулсан байна. Үүнээс Уоррен Баффет 2 тэрбум ам.долларыг Билл ба Мелинда Гейтс нарын санд зарцуулсан бол үлдсэн мөнгийг гурван хүүхдийнхээ удирддаг сайн үйлсийн санд хандивлажээ.
Жагсаалтын хоёрдугаарт мэдээж хэрэг Билл ба Мелинда Гейтс нар бичигдсэн байна. Тэд өнгөрсөн онд нийт 2,5 тэрбум ам.долларыг сайн үйлсэд зориулжээ.
Мөн энэхүү жагсаалтад Bloomberg мэдээний агентлагийн үүсгэн байгуулагч Майкл Блумберг 700 сая ам.доллар, Walmart сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Сэм Уолтоны гэр бүл 536 сая ам.доллар, "Open Society Foundations" сангийн үүсгэн байгуулагч Жорж Сорос 531 сая ам.долларыг зарцуулснаараа багтсан байна.
Мөн Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн гэр бүл 400 сая ам.долларыг сайн үйлсийн ажилд зориулснаар уг жагсаалтад багтжээ.