Хоёр Солонгосын хил дээрх минүүдийг устгаж эхэллээ
БНСУ болон БНАСАУ төрийнхөө тэргүүнүүдийн хэлэлцээрийн үр дүнгээр хилийн цэрэггүй бүс дэх хэд хэдэн газар мин устгах ажилд оржээ. Тэд хоёр сая мин устгахаар төлөвлөөд байгаа бөгөөд ийм ажиллагаа уртаараа 248 км, өргөнөөрөө дөрвөн км газрыг хамарч байгаа тухай “Ассошиэйтед пресс” агентлаг уламжиллаа. Энэ нь хоёр улсын анхны хамтын ажил юм. Мин устгах ажил аравдугаар сарын 1-нээс Панмунжон, Чорвон зэрэг газруудад эхэлсэн аж. Харин ажил дууссаны дараа 1950-1953 оны Солонгосын хойгийн дайны үеэр амь үрэгдсэн Өмнөд Солонгос, Франц, Америкийн цэргийн цогцсыг хайх юм байна. Ширүүн тулаан өрнөж байсан энэ газарт 500 гаруй хүний цогцос байдаг гэж үздэг гэнэ. Малталтын ажиллагаа 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, мөн оны аравдугаар сард дуусах аж.
Хэрэв Хойд Солонгосын зүгээс өчүүхэн төдий өдөөн хатгасан үйлдэл гаргах тохиолдолд бүх хэлэлцээрүүдийн үйлчлэх хугацаа тэр даруйдаа хүчингүй болно хэмээн Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли На Ён мэдэгдлээ.
1950-1953 оны Солонгосын хойгийн дайн НҮБ-ын далбаан дор гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар төгссөн билээ. Харин энэ оны есдүгээр сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Му Же Ин, Хойд Солонгосын тэргүүн Ким Жөн Ун нар Солонгосын хойгийн цөмийн зэвсгийг устгах хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
|