Путин Трамп хоёр өнөөдөр уулзана
Дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд байнгын нөлөөтэй ОХУ, АНУ хоёр 1807 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Гэвч хоёр орны хооронд хүйтэн дайнаас хойш нэгнээ сэжиглэсэн хандлага хадгалагдаж Сири, Украин зэрэг олон улсын харилцаанд эрх ашиг, гадаад бодлого нь зөрчилддөг. Тэгвэл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр /2018.07.16/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Тэд Финляндын Хельсинки хотноо уулзалтаа товложээ. Уулзалтаар Дональд Трамп хоёр орны харилцааг сайжруулахыг зорьсон байна.
ОХУ-тай харилцах харилцаа, бодлогын хүрээнд Дональд Трамп болон АНУ-ын Засаг захиргааны нэгжүүд хооронд зааг гарч эхэлж байгааг уулзалтын өмнө онцлон мэдэгджээ. АНУ-ын Төрийн департмент, хууль зүй болон Батлан хамгаалахын департментын зүгээс ОХУ-ыг сэжиглэж хардсан, шүүмжилсэн өнгө аястай мэдэгдлийг байнга хийдэг билээ. Энэ байдал нь АНУ-ын холбоотон бусад орнуудад эргэлзээ, үл ойлголцол үүсгэдэг гэж Дональд Трамп мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт Умард Атлантын цэргийн эвслийн (НATO) уулзалтын үеэр холбоотнуудад ОХУ-ын бодлого болон эвслийн үнэ цэнийн асуудлаар асуугдсан аж.
Уулзалтаас гурван хоногийн өмнө АНУ-ын Хууль зүйн яамнаас 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-аас хөндлөнгөөс оролцсон хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд Оросын 12 тагнуулчид ял тулгажээ. Улмаар энэ хэрэгт холбогдуулан баривчилсан Оросын иргэдийн тоо 25-д хүрсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хардлага, мөрдөн шалгах ажиллагаа хоёр орны харилцааг эрс муутгаж, харилцан дипломатуудыг хөөх хүртэл сөргөлдөөнд хүргэсэн юм. Үүний зэрэгцээ уулзалтаар зэвсгийн өрсөлдөөн хяналтаас гарч эхэлсэн талаар ярилцахаар төлөвлөсөн байна.
Дональд Трамп аль ч улсыг АНУ-тай эн зэрэгцэхүйц хэмжээний зэр зэвсэг эзэмшихийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Гэвч ОХУ нь зэвсэглэлээр АНУ-тай эн зэрэгцэхүйц хүчтэй. Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хүйтэн дайны үед байгуулсан зэвсгийн гэрээг Москва зөрчсөн гэх асуудлыг хөндөн ярилцах аж.
Дональд Трамп уг гэрээг шинэчлэхийг зорьж байж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Учир нь тэрбээр АНУ-ын өмнө байгуулсан худалдааны болон олон гэрээг улс орны ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн шүүмжилж, өөрчлөх, гарах арга хэмжээ авсан билээ. Сүүлд АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн үед 2010 онд хоёр орны стратегийн цөмийн зэвсгийн хэмжээг 1550 цөмийн хошуугаар хязгаарлахаар хэлэлцэж тохиролцон Шинэ эхлэл гэх гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний хүчинтэй хугацаа 2021 онд дуусах аж.