БНХАУ АНУ-тай хийхээр төлөвлөж байсан худалдааны хэлэлцээгээ цуцаллаа

2018 оны 9 сарын 24

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан даамжрах эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна. БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч энэ нь цуцлагдсан гэж албан ёсоор мэдэгдлээ.

Үүнд АНУ-ын Төрийн департмент БНХАУ-ын Батлан хамгаалахын агентлагийг ОХУ-аас аюулгүй байдлын тоног, төхөөрөмж худалдан авсан гэж буруутган, хориг тавьсан нь нөлөөлсөн гэж эх сурвалж мэдээллээ. Тиймээс ойрын хугацаанд талуудын дунд ямар нэг худалдааны хэлэлцээ болохгүй аж. Эх сурвалжийн мэдээлэлд хоёр тал АНУ-д 11 дүгээр сард болох сонгуулийн дараа хэлэлцээ хийх магадлалтай байгааг онцолжээ.

Хоёр талын худалдааны хэлэлцээ мухардмал байдалд орсон энэ үед АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импорт, мөн БНХАУ АНУ-ын 110 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулсан шийдвэр энэ даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ. БНХАУ-ын хувьд АНУ-ын 60 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулна гэж байснаа 110 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн нь анхаарал татаж байна. Үүнээс бараг тэн хагас нь шар буурцаг байгаа юм. “China Daily” сонинд гарсан нийтлэлд "Тарифын шийдвэрийн нөлөөгөөр БНХАУ-ын шар буурцаг импортлогчид АНУ-тай биш Өмнөд Америктай худалдаа хийхэд хүрч байгаа"-г онцолжээ. Түүнчлэн 110 тэрбум ам.доллар гэдэг нь 2017 онд БНХАУ-ын АНУ-аас худалдаж авсан бүх бараа, бүтээгдэхүүний 70 хувьтай тэнцэх дүн болж байгаа юм.

Үүнээс гадна АНУ БНХАУ-ын эсрэг тарифын арга хэмжээ авах, мөн ган болон хөнгөн цагааны импортын татвар ногдуулсны нөлөөгөөр улсын төсөвт дөрвөн тэрбум ам.доллар нэмэлтээр төвлөрнө гэсэн тооцоо гарсныг тус улсын Гааль, хилийн алба гаргаад байна. Түүнчлэн АНУ-ын одооноос шинээр хэрэгжиж эхлэх 10 хувийн тариф нь ирэх оны нэгдүгээр сараас 25 хувь болж нэмэгдэнэ. Үүн дээр нэмж дахин БНХАУ-ын 267 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулж магадгүй гэдгээ анхааруулаад байгаа юм.

 

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595174
0 эможи

keyboard_arrow_up