Меган Маркл САЙН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ хоолны ном гаргалаа
Есдүгээр сарын 20-ны өдөр Сассексын гүнгийн авхай Меган Маркл "Together: Our Community Cookbook" нэртэй хоолны ном гаргалаа. Номын нээлтийн үйл ажиллагаа Кенсингтоны ордонд зохиогдсон бөгөөд арга хэмжээнд Меганы ээж Дория Рэгленд Лос-Анжелесаас ирж оролцсон байна. Энэ бол түүний хааны гэр бүлийн гишүүний дүрээр хэрэгжүүлсэн анхны сайн үйлсийн төсөл юм.
Энэхүү номонд Hubb Community Kitchen нэртэй нийгэмлэгийн боловсруулсан хоолны жорууд орсон бөгөөд номын борлуулалтаас олсон бүх хөрөнгө Лондонгийн Гренфелл тауэрт гарсан галд өртсөн хүмүүсийн дэмжлэг, эмчилгээнд зориулагдах юм байна.
Маркл "Би шууд л энэхүү нийгэмлэг ба эдгээр хүмүүстэй ойлголцож, холбогдож чадсан. Энд бүсгүйчүүд инээж, гуниглаж, заримдаа уйлж сэтгэлээ онгойлгохын хажуугаар хамтдаа маш амттай хоол хийцгээдэг" хэмээн номын нээлтийн үеэр хэлсэн байна.