Мухаммед Алигийн эзэмшилд байсан “Rolls-Royce” брэндийн автомашиныг дуудлагаар худалдана
Домогт боксчин Мухаммед Алигийн эзэмшилд байсан 1970 оны “Rolls-Royce” брэндийн “Silver Shadow” загварын автомашиныг “Bonhams”-ийн дуудлага худалдаагаар оруулахаар болжээ. Ирэх сарын таванд Бельгид болох энэхүү дуудлага худалдаагаар тус автомашин 47-70 мянган ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо гарсныг зохион байгуулагчид танилцуулсан байна. “Silver Shadow” автомашиныг анх “Rolls-Royce” брэнд “HJ Mulliner”-тэй хамтарч 272 ширхэг үйлдвэрлэж байжээ. Тухайн үедээ компанийнхаа хамгийн үнэтэй, хамгийн өндөр үзүүлэлттэй автомашинаар нэрлэгдэж байсан байна. Энэхүү автомашиныг гар аргаар түлхүү үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог төдийгүй модон хавтан, өндөр чанарын “Connelly” арьс, “Wilton” хивс зэрэг тансаг эдлэлээр чимэглэжээ. Мухаммед Али энэхүү автомашиныг 1970 онд 16 мянган ам.доллараар худалдан авч байсан аж. Тэрбээр тухайн жилээ гурван жил завсарласны дараа боксын тэмцээнд орох эрхээ эргээд сэргээлгэж байсан юм.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|