Мун Жэ Ин: Солонгосын хойгийг энх тайван бүс болгоход Ким Чен Унтай санал нэгдсэн

2018 оны 9 сарын 20

Хоёр Солонгосын Төрийн тэргүүн нар БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудалд санал нэгдэж, Умардын удирдагч Ким Чен Ун “Ёнбён” дахь цөмийн байгууламжаа хаах амлалт өглөө.

Arslan.mn

Мөн АНУ-ын хариу арга хэмжээнээс хамааран цөмийн туршилтын талбайг хаана гэдгээ онцолсон юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор 16 дахь удаагийн Пхеньяны кино наадмыг зохион байгуулсан нь БНАСАУ-ын иргэдэд 40 улсын 500 гаруй киног үзэж, сонирхох боломж олголоо.

Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нар түүхэн уулзалтын хаалтын ёслолд оролцож, бэлэг солилцжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-ын иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Солонгосын хойгийг энх тайван бүс болгохоор Ким Чен Унтай санал нэгдсэн”-ээ онцолсон байна.

Мөн Мун Жэ Ин “Солонгосын хойгт зэвсэгт мөргөлдөөн гарах, дайн өдөөж болзошгүй аливаа эрсдэлийг арилгах талд миний бие БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай санал нэгдлээ. Түүнчлэн бид хоёр Солонгосын нутаг дэвсгэрт орших Пэгдү, Халла уулын бэлийг цөмийн зэвсэггүй, дайны аюулгүй бүс болгож, үр хойчдоо өвлүүлэн үлдээхээ амласан. Бид 5000 жилийн турш хамт амьдарсан ч 70 жилийн турш тусгаарлагдсан. Тиймээс би 70 жилийн турш үргэлжилсэн сөргөлдөөнийг бүрэн эцэслэж, энх тайван тогтооход том алхам хийх хүсэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ АНУ БНАСАУ-тай хэлэлцээр хийхэд яаралтай бэлтгэнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэн байна. Хоёр Солонгосын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Ёнбён” дахь цөмийн зэвсгийн гол байгууламжаа хаахыг зөвшөөрснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сайшааж, олон нийтийн сүлжээгээр жиргэжээ.

Ким Чен Уны энэхүү алхам нь Сингапурт болсон түүхэн уулзалтын үеэр хийсэн хэлэлцээрийг үргэлжлүүлэх үндэс болж байгааг олон улсын ажиглагчид онцолж байна. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх долоо хоногт АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг хэлэлцэхийг эх сурвалж онцолж байна. Энэхүү айлчлал нь БНАСАУ-ын удирдагчтай хийсэн түүхэн уулзалтын дараа болж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595064
0 эможи

keyboard_arrow_up