Азийн тэрбумтнуудын хөрөнгө 99 тэрбум ам.доллараар буурав
Азийн хамгийн чинээлэг 120 эрхмийн хөрөнгө 2018 он гарснаас хойш 99 тэрбум ам.доллараар буурсныг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолсон байна. Харин АНУ-ын хамгийн чинээлэг 173 хүний хөрөнгө 132 тэрбум ам.доллараар өсжээ. Азийн бүсийн алдагдлын 67 хувийг нь 56 тэрбумтан бүрдүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын хамгийн баян хүнд тооцогддог “Dalian Wanda Group”-ийг үүсгэн байгуулагч Ван Жианлиний хөрөнгө 9.3 тэрбум ам.доллараар, харин “Tencent Holdings”-ийн Пони Магийнх 9.2 тэрбум ам.доллараар буурчээ. Ийнхүү бизнесменүүдийн хөрөнгө буурахад хөрөнгийн зах зээлийн уналт нөлөөлсөн байна.
2018 он гарснаас хойш Ази, Номхон далайн бүсийн “MSCI Asia Pacific” индекс мөнгөн дүнгээр 700 тэрбум ам.долларын үнэ цэнээ алджээ. Мөн худалдааны маргааны улмаас “Shanghai Composite” индекс 20 хувиар унасан байна.
Азийн бүсийг эс тооцвол 2018 он дэлхийн чинээлэг эрхмүүдэд ээлтэй жил байсан гэж “Bloomberg”-ийн шинжээчид дүгнэж байна. Тодруулбал, хамгийн нөлөө бүхий 380 эрхмийн хөрөнгө нэгдүгээр сараас хойш 2.7 хувиар өсжээ. Энэхүү жагсаалтыг “Amazon”-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос тэргүүлж байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|