Хилийн зурваст шинэ жил тэмдэглэв
Эфиоп ба Эритрийн удирдагчид өчигдөр хилийн зурваст уулзаж Эфиопын шинэ жилийг тэмдэглэжээ. Ердөө сарын өмнө хоёр талын цэргүүд байлдаж байсан тэр газарт хоёр улсын удирдлагууд уулзан энх тайван, эвлэрлийг тэмдэглэсэн нь хоёр улсын түүхэнд чухал үйл явдлаар тооцогдож байгаа юм.
Эфиопын Ерөнхий сайд Аби Ахмед Эритрийн Ерөнхийлөгч Изаяа Афверки нар 1998-2000 оны хооронд үргэлжилсэн дайны галд хамгийн ихээр өртсөн Бюре бүс дэх цэргүүдийнхээ баазтай танилцсан байна. Африкийн “эвэр” гэгдэх зүүн бүсийн улс төрийн байр суурь, нөхцөл байдалд орсон томоохон өөрчлөлтийн нэгээхэн хэсэг болгож Ерөнхий сайд Аби гал зогсоох хэлцэл санал болгосны үр дүнд энэхүү уулзалт зохион байгуулагдсаныг онцлох хэрэгтэй. Дайны хурцадмал байдал хилийн зурваст дээд цэгтээ тулаад байсан юм.
Эфиопын Төрийн нарийн бичгийн дарга Фицум Арега “Ерөнхий сайд Аби Ахмед, Ерөнхийлөгч Изаяа Афверки нар цэргүүдийн хамтаар Эфиоп-Эритрийн хил дэх Бюре бүсэд шинэ жил тэмдэглэж байна. Улмаар хоёр улсын харилцааг хэвийн түвшинд хүргэх яриа хэлэлцээрүүд үргэлжилнэ” гэжээ. Өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдөр харилцаагаа сэргээх гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёр улсын удирдагчид дипломат харилцааны хувьд харьцангуй өндөр хурдаар 20 жил үргэлжилсэн дайсагналыг зогсоох арга хэмжээ авч байна. Эритрийн Элчин сайдын яам долдугаар сард Эфиопод дахин нээгдсэн бол Эфиоп өнгөрсөн долоо хоногт мөн Элчин сайдын яамаа дахин нээсэн. Хоёр улсын хоорондын нислэг нээгдсэнээс гадна Эритр Улс далайд гарцгүй хөршдөө боомт гаргаж өгөхөөр болсон бол Эфиоп Улс замын засварт анхаарахаар болжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
|