Трамп ажлын 590 өдрийнхөө 25 хувийг гольф тоглоход зарцуулжээ
Бямба гарагт болсон Жон Маккейний оршуулгын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гольф тоглохоор явсан хэмээх шүүмжлэлд өртжээ.
Трампыг оршуулгын ёслолд албан ёсоор уриагүй бөгөөд тэд таарамжгүй харилцаатай байсан билээ. Харин Трампын охин Иванка түүний нөхөр болон цагаан ордны зөвлөх Жаред Кушнер нар Жон Маккейний оршуулгын ёслолд оролцжээ.
“NBC”-гийн мэдээлснээр Трамп албан газартаа байх 590 өдрийнхөө 153 өдрийг гольфын байгууламжид өнгөрүүлсэн байна. Энэ нь ажлаа хийх ёстой хугацааныхаа 25 хувийг гольфд зарцуулсан гэсэн үг юм.
Трамп наймдугаар сард 17 хоногийн амралт авч Нью-Жерси дэх Bedminster үндэсний гольфийн клуб руугаа явжээ. Тэрбээр ажлаа авсан эхний жилдээ 90 өдрийг гольфийн эзэмшилдээ зарцуулсан байна.
Трамп өмнө нь ерөнхийлөгчийн хувьд гольф тоглох цаг зав байдаггүй талаар хэвлэлд ярьж байсан. Түүнчлэн тэр ерөнхийлөгч асан Барак Обамаг албан ажил хийх зуур гольф тоглохын тулд амралт авдаг хэмээн шүүмжилж байсан билээ.
Эх сурвалж: GOGO.MN
|