БНХАУ АНУ-ыг дахин импортын татвар ногдуулахгүй байх шаардлага хүргүүллээ
БНХАУ АНУ-ыг дахин импортын татвар ногдуулахгүй байх шаардлага хүргүүлсэн байна. Мөн "АНУ-ын Засгийн газар хоёр улсын бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн саналыг харгалзан авч үзэх хэрэгтэй" гэж БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен мэдэгджээ. Тэрбээр санал хүсэлт авсан нийт бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь тарифын эсрэг байр суурьтай байгааг онцолжээ. БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен “Худалдааны дайнаас хэн ч хожихгүй гэсэн байр суурьт БНХАУ үргэлж зогсож ирсэн. БНХАУ, АНУ хамтын ажиллагаанаас аль аль нь хожно, маргаанаас аль аль нь хохирол хүлээнэ. АНУ худалдааны маргаан эхлүүлсний нөлөөгөөр БНХАУ автомашины импортын татвар 15 хувь байсныг 25 хувиар нэмэгдүүлж 40 хувь болгосон. Энэ нь эргээд АНУ-ын БНХАУ-д хийх экспортод нөлөөлөх юм” гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын импортод татвар ногдуулсан бөгөөд үүн дээр нэмж дахин 200 тэрбум ам.долларын импортод 25 хувийн татвар ногдуулж магадгүй гэдгээ илэрхийлээд байна. Энэ хэрэв биеллээ олбол ирэх долоо хоногийн сүүлээс хэрэгжиж эхэлж магадгүй аж.
Хоёр талын худалдааны нөхцөл байдал ийнхүү даамжирснаар БНХАУ-ын экспортын өсөлт ирэх онд 0.3 хувиар буурна гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолоод байна. Хоёр талын Засгийн газрын дунд түвшний төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт уулзсан ч худалдааны яриа хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй гэж ажиглагчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|