Мьянмарт үер болж, 80 гаруй суурин усанд автжээ
Мьянмарын засаг захиргааны нэгж болох Баго дүүрэгт үер усны гамшиг нүүрлээд байна. Одоогийн байдлаар нэг хот болон 80 гаруй суурин усанд автаад буй талаар мэдээлжээ. Усны түвшин зарим газарт гурван метр хүрээд байна.
Орон нутгийн засаг захиргаанаас нутгийн иргэд болох 63 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Гэнэт үер болж, гол эргээсээ халин далангууд сэтэрсэн нь ихээхэн хохирол учруулаад байгаа талаар “Мьянмарын шинэ гэрэл” сонин онцолжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Сва дүүргээс гадна тус улсын хамгийн томд тооцогдох Янгон ба Мандала хоёр хотыг холбох хурдны зам усанд автжээ. Мьянмарын дэд ерөнхийлөгч Генри Ван Тхио, зэвсэгт хүчний командлагч, генерал Мин Аунг Хлай болон бусад дагалдагчид гамшгийн бүсэд хүрэлцэн очиж нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Үерт автсан бүсэд аврах ажиллагаа явуулах тусгай штабыг байгуулсан байна. Тус штаб нь усанд автсан дүүргүүдээс иргэдийг нүүлгэж, түр орогнох байранд байрлуулж байгаа аж. Мьянмар улсад долоо болон наймдугаар сар нь борооны улирал юм байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
|