Хавай арлыг хар салхи дайрч, үерт автжээ
Хавай арлыг хар салхи дайрч, их хэмжээний хохирол учруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
130 км/цагийн хурдтай Лэйн гэх хар салхи арлыг дайран өнгөрчээ. Хар салхины улмаас тус аралд үер бууж, хөрсний нуралт үүссэн байна.
Хөрсний нуралтын улмаас томоохон таван замыг хаах шийдвэрийг гаргажээ.
АНУ-ын Үндэсний цаг уурын хүрээлэн энэ долоо хоногийн эхээр арлын иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн юм. Эрх баригчид хар салхинаас урьтаж, арлын сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн билээ.
Гудамж, талбай усанд автахаас олон байшин үерт урссан байна.
“Байгалийн гамшгийн уршгаар хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл ирээгүй байна” гэж албаныхан уламжлав. Хавай арал дахь галт уул өнгөрсөн тавдугаар сард сэрж, их хэмжээний халуун хайлмаг урссан юм. Халуун хайлмаг арлыг бүхэлд нь заналхийлжээ.