Google-ийн ажилтнууд Хятадад зориулан боловсруулж буй хайлтын системийг эсэргүүцжээ

2018 оны 8 сарын 20

Google компанийн ажилчид Хятадын зах зээлд зориулж боловсруулж буй Google хайлтын системийн тодорхой шүүлтүүр бүхий хувилбарыг эсэргүүцжээ.

Хайлтын үр дүнд гарах илэрцүүдийг Бээжингийн шаардлагын дагуу шүүх Google хайлтын системийг боловсруулах нууц төсөл “ёс зүйн болон ёс суртахууны асуудлуудыг хөндөж байна” хэмээн ажилчид онцолжээ. Түүнээс гадна Google компанийн ажилчид компанийн удирдлагууд үйл ажиллагаа, боловсруулж буй бүтээгдэхүүнүүдийнхээ талаар илүү нээлттэй байж, бүтээгдэхүүнүүд нь ёс зүйн хэм хэмжээнд хэр нийцэх талаарх хэлэлцүүлэгт ажилчдын оролцоог нэмэгдүүлэхийг шаардсан байна.

The New York Times-д бичсэнээр удирдлагуудад илгээсэн захидлын доор тус компанийн 1400 гаруй ажилтан гарын үсгээ зуржээ. Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичаи ажилчидтайгаа уулзаж, Хятадад зориулсан хайлтын системийн талаар тайлбар хийж, сэтгэл дундуур байгаа ажилчдаа тайвшруулахыг хичээсэн талаар Financial Times сонинд бичжээ.

Сундар Пичаи, “Бид Хятадад хайлтын шинэ систем нэвтрүүлэх эсэх, бүтэх эсэх нь ч тодорхойгүй.” гэсэн ч Google Хятадын зах зээлд эргэн орох боломжит бүх хувилбарыг судалсаар байгааг үгүйсгээгүй байна.

Google хайлтын систем Хятадад дахин үйл ажиллагаагаа эхлүүлэх талаар анх The Intercept цахим хуудас энэ сарын 1-нд мэдээлсэн билээ. Google-д ажилладаг нэгэн эх сурвалжийн мэдээлснээр дэлхийн томоохон зах зээлд эргэн ирэхийн тулд Google Хятадын эрх баригчдын шаардлагыг хүлээн авч, хүний эрхийн үнэт зарчмуудын нэг болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс ч ухарч болзошгүй аж.

2017 оны хавраас хойш Google Dragonfly нэртэй нууц төсөл хэрэгжүүлж байгаа нь андройд платформ дээр ажиллах хайлтын систем юм. Энэ систем Хятадын эрх баригчдын шаардлагаар контентуудыг тодорхой шүүлтүүрээр шүүнэ. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн арван хоёрдугаар сард Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичаи Хятадын нэгэн том албан тушаалтантай уулзсанаас хойш нууц төслийн ажил илүү хурдтай явах болсон аж.

Google хайлтын систем 2010 оноос хойш Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоосон ба 2006-2010 оны хооронд Google Хятадын эрх баригчдын шаардлагыг биелүүлэн, хайлтын илэрцүүдийг хязгаарласан нь шүүмжлэлд өртөөд байсан билээ.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594004
0 эможи

keyboard_arrow_up