АНУ-ын эдийн засаг 2014 оноос хойш хамгийн өндөр өсөлттэй гарлаа

2018 оны 8 сарын 01

Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар улиралд дөрвөн жилийн хамгийн өндөр өсөлттэй гарсныг бахархан мэдэгдэв. Гэхдээ эдийн засагчид уг амжилтыг ирэх саруудад давтахад бэрхшээлтэйг анхааруулжээ. Зургадугаар сарын 30-наар дууссан улиралд эдийн засаг 4.1 хувь өссөнийг ноён Трамп “Түүхэн ач холбогдолтой эдийн засгийн эргэлт” гэж нэрлэсэн байна. Түүнчлэн бизнесийн итгэл түүхэн дээд хэмжээнд хүрснийг дурдаад “Америк эн тэргүүнд” бодлого худалдаа, үйлдвэрлэлд үр дүнгээ өгч буйг онцлов.

Тэрбээр сүүлийн үзүүлэлт цаашдын өсөлтийг илэрхийлж буй бөгөөд дээд цэг бус хэмээн ярьжээ. Ноён Трамп “Эдгээр тоо маш тогтвортой үзүүлэлт. Энэ бол нэг удаагийн тоглолт бус. Дараагийн тайлан маш сайн гарна гэж бодож байна. Бид эргэлт хийлээ. Дэлхий нийтээр манай эдийн засагт атаархаж байна” хэмээв. Дээрх үзүүлэлт Уол Стритийн таамагтай ойролцоо гарсан бөгөөд 2014 оны гуравдугаар улиралд өсөлт 4.9 хувь байснаас хойших хамгийн дээд түвшин болж байна. 

Худалдааны яамны мэдээлснээр АНУ-ын эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд жилийн 2.2 хувь байсантай харьцуулахад эрс түргэсжээ.

Хоёрдугаар улирлын үзүүлэлт хэрэглээ болон бизнесийн хөрөнгө оруулалт дээшилснийг даган сайжирсан. Мөн өнгөрсөн оны сүүлээр баталсан татварын хөнгөлөлтийн тухай хууль гол хүчин зүйл болжээ. Гэвч эдгээр нь нэг удаагийн түлхэц бөгөөд оны үлдсэн хугацаанд давтагдах магадлал бага гэж шинжээчид дүгнэв. Ялангуяа, холбооны нөөцийн банк эдийн засгийн халалтаас сэргийлэх үүднээс энэ онд хоёр удаа хүүгийн бодлогоо чангатгах төлөвтэй байгаа нь нөлөөлөх магадлалтай.

Бусад хүчин зүйлийн хувьд гэвэл худалдааны түншүүдтэй тохиролцсоны дагуу Америкийн шар буурцаг болон бусад бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөв ажиглагдаж буй. Гэхдээ ирэх саруудад худалдааны үр ашиг гарахгүй бөгөөд Трампын тарифын үр дагавар ажиглагдаж эхэлнэ гэж эдийн засагчид анхаарууллаа. General Motors, Whirlpoo, Coca-Cola зэрэг Америкийн компаниуд сүүлийн тайландаа тарифын улмаас өртөг нэмэгдэж байгааг мэдээлсэн. Фермерийн холбоод шар буурцаг болон гахайн махны захиалга буурч байгаа талаар гомдол мэдүүлжээ. BNP Paribas банкны эдийн засагч Брикин Дуайер “Ерөнхийдөө эдгээр тайлан бидний санаа бодлыг нотолж байна.

АНУ-ын эдийн засаг одоо бүх хүчээрээ ажиллаж, өсөлт дээд цэгтээ тулах шиг боллоо” гэв. Арваннэгдүгээр сард болох конгрессын завсрын сонгуульд трампын БНН аль нэг танхимд олонхоо алдаж болзошгүй байгаа үед АНУ-ын өсөлтийг нарийн ажиглаж байна. Бүгд найрамдахчууд ган болон хөнгөн цагаанд ногдуулсан Трампын тариф болон автомашинд импортын шинэ татвар тогтоох мэдэгдэлд эргэлзэж байгаа.

Гэвч Ерөнхийлөгч баасан гарагт хэлсэн үгэндээ АНУ-ын худалдааны алдагдал 50 тэрбум ам.доллараар буурсанд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн боловч олон хүн уг тоог асуудалтай гэж үзэж байна. Саяын тоо баримтаас үзэхэд инфляцыг тооцсон АНУ-ын гадаад худалдааны алдагдал II улиралд 849 тэрбум ам.доллар байсан нь I улирлын 902 тэрбумаас 52 тэрбум ам.доллараар буурсан үзүүлэлт.

Гэтэл уг үзүүлэлт өнгөрсөн оны мөн үед 50 тэрбум ам.доллараар дээшилсэн тул саяын бууралтыг үр дүнгүй болгож байна. Хоёрдугаар улирлын худалдааны алдагдал өнгөрсөн мөн үеэс таван тэрбумаар дээгүүр гарсан аж. Энэ сард гаргасан АНУ-ын худалдааны өгөгдлөөс харахад АНУ-ын гадаад худалдааны алдагдал оны эхний таван сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.9 тэрбум ам.доллараар өссөн дүнтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593339
0 эможи

keyboard_arrow_up