Дональд Трамп Ким Жөн Унд талархал илэрхийллээ
Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг эргүүлэн өгсөнд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд талархал илэрхийлж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын шарилыг АНУ-руу удахгүй илгээнэ. Энэ олон жилийн дараа олон гэр бүлүүдийн хувьд энэ бүхэн маш гайхалтай мөч байх болно. Баярлалаа Ким Жөн Ун” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Умард Солонгос Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өгч байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Д.Трамп болон Ким Жөн Ун нарын Сингапурт болсон түүхэн уулзалт үр дүнтэй болсныг нотлох хамтарсан мэдэгдэлд дөрвөн асуудлыг чухалчлан тусгасны нэг нь Солонгосын дайны үеэр олзлогдсон болон сураггүй алга болсон цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өгөх байсан юм.