Японд агаарын хэт халалт шинэ дээд хэмжээнд хүрлээ
Японд өчигдөр агаарын хэм Цельсийн 41.1 хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Токиогоос баруун хойд зүгт оршдог Кумагая хотод агаарын хэм ийм хэмжээнд хүрсэн юм. 2013 оны наймдугаар сард Кочи мужид агаарын хэм 41 хүрсэн нь өмнөх дээд үзүүлэлт байжээ. Агаарын хэмийг Японд 1896 оноос хойш бүртгэж эхэлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн өдөр бүр хэт халуунаас шалтгаалан хүмүүс амиа алдах тохиолдол бүртгэгдэж байгаа тул эрх баригчид иргэдийг гадагш гарахгүй байх, боломжтой бол сэрүүцүүлэгч (air conditioner) хэрэглэхийг зөвлөж байна.
Хэт халалт зөвхөн Японд тохиолдоогүй, Өмнөд Солонгост өглөөний цагийн хамгийн дээд халалт өнөөдөр бүртгэгджээ. Тус улсын Ганнюн хотод өглөөний 6:45 цагт Цельсийн 31 хэм хүрсэн байна.
Японд тохиолдсон хэт халалт Токио хотыг 2020 оны зуны олимпийг зохион байгуулж чадах уу гэсэн эргэлзээг бий болгожээ.
Токио 2020 нь долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох юм. Энэ үед агаар хэт халбал тамирчдын өрсөлдөх боломжийг хааж, тэмцээн уралдаанууд зогсож болзошгүй байна.
1964 оны Токиогийн олимп аравдугаар сард болж байсан түүхтэй. Энэ нь мөн л халуунаас зугтсан хэрэг байв. Гэхдээ тухайн үед олимпийн наадам нь том бизнес болж өргөжөөгүй байсан тул хугацааг шилжүүлэхэд асуудалгүй байжээ.
Эх сурвалж: ikon.mn
|