АНУ Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ дахин нэг жилээр сунгахаар шийдвэрлэжээ
АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Умард Солонгосын эсрэг авч буй эдийн засгийн багц хориг арга хэмжээг үйлчлэх хугацааг дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгаагаа зарлалаа. Тэрбээр энэ шийдвэрээ Конгресст мэдэгдсэн байна.
Пхеньяны эсрэг авч хэрэгжүүлж буй Вашингтоны арга хэмжээнд АНУ дахь Умард Солонгосын Засгийн газар болоод хувь хүмүүсийн хөрөнгийг царцаах, америкчууд Умард Солонгосоос хөлөг онгоц эзэмших зэрэг эдийн засгийн өргөн цар хүрээтэй хориг тогтоосон юм. Эдгээр багц хоригуудын үйлчлэх хугацаа энэ сарын 25-нд дуусгавар болох байсан ч ийнхүү үйлчлэх хугацааг дахин нэг жилээр сунгалаа.
АНУ-ын Засгийн газраас анх 2008 онд Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг тогтоож, жил бүр сунгаж ирсэн байдаг. Ийнхүү энэ цагаас хойш авч хэрэгжүүлж ирсэн тухайлбал, Ерөнхийлөгч асан Обамагийн үед авч эхэлсэн 2008, 2010, 2011, 2015-2017 оны хооронд авч байсан хоригууд дахин нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр болж байна.
Ерөнхийлөгч Трамп “Солонгосын хойгт цөмийн материал тархаах эрсдэл, Пхеньяны үйлдэл, бодлого, АНУ-ын Зэвсэгт хүчний эсрэг чиглэж байгаа зэрэг нь тус улсын Үндэсний аюулгүй байдал болоод гадаад бодлого, эдийн засагт аюул занал учруулсан хэвээр байна” гэж үзэж, хоригийн хэрэгжих хугацааг сунгасан шалтгаанаа тайлбарлаж байна.
Энэ сарын 12-нд Сингапурын Сентоза аралд болсон АНУ, Умард Солонгосын төрийн тэргүүн нарын түүхэн дээд хэмжээний уулзалтаар Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон. АНУ-ын талаас Умард Солонгос тохиролцсоны дагуу цөмийн зэвсгээсээ бүрэн ангижирсан тохиолдолд л АНУ тус улсын эсрэг тогтоосон эдийн засгийн хориг арга хэмжээгээ зогсоох байр суурьтай ханддаг юм.
Эх сурвалж: MNB.MN
|