Жон Болтон Д.Трамп, В.Путин нарын уулзалтыг бэлтгэх ажлын хүрээнд Москвад очно

2018 оны 6 сарын 23

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Европын орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд ирэх долоо хоногт Москвад очно.

Жон Болтон Москвад очихынхоо өмнө Лондон болон Ром дахь холбоотнуудтайгаа яриа хэлэлцээ хийх юм байна. Түүний Москвад очих гол зорилго ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын болзошгүй уулзалтад бэлтгэх ажил аж. Цагаан ордны төлөөлөгч Гаррет Маркуис өөрийн твиттер хуудсандаа энэ тухай бичсэн байна.

Гаррет Маркуис “Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон энэ сарын 25-27-нд Лондон болон Ром дахь холбоотнуудтай уулзаж, аюулгүй байдлын асуудал хэлэлцэнэ. Үүний дараа тэрбээр Москвад очиж Оросын талтай Трамп, Путин нарын болзошгүй уулзалтад бэлтгэх асуудал хэлэлцэнэ” гэж бичжээ.

Трамп, Путин нар энэ оны гуравдугаар сард утсаар ярихдаа уулзахаар тохирч, хоёр орны Гадаад яамны төлөөлөгчдөд уулзалтыг зохион байгуулах ажлыг даалгасан. Кремль энэ сарын эхээр уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж, Австрийн нийслэл Вена хотод уулзаж болохыг санал болгосон.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын дундуур Брюссель хотноо НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож, дараа нь Их Британид айлчлах юм байна. АНУ, ОХУ хооронд Сирийн дайн, Их Британид Оросын тусгай албаны ажилтан асан Сергей Скрипалийг хордуулсан зэргээс болж сүүлийн саруудад нэлээд хүйтэн сэрүүн харьцаа тогтоод байгаа.

Мөн АНУ-ын тусгай алба ОХУ-ыг АНУ-д 2016 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт сэжиглэж байгаа. Хэдийгээр хоёр орны хооронд харилцаа муудсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадад болсон “Их 7”-гийн дээд түвшний уулзалтаар ОХУ-ыг аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын энэ байгууллагад буцаан нэгтгэхийг уриалсан юм.

Эх сурвалж: MNB.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58835
0 эможи

keyboard_arrow_up