Анжелина Жоли хүүхдүүдийнхээ гол асран хамгаалагчийн эрхийг алдаж магадгүй
Цахим ертөнцөд Анжелина Жоли ба Брэд Питт нарын салалтын үйл явцын талаар шинэ мэдээллүүд цацагдаж эхэллээ. Тодруулбал тэдний гэрлэлт цуцлалттай холбоотой шүүхийн бичиг баримтууд задарсан нь дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд ороод байна.
Анжелина Жоли зургаан хүүхдээ тэдний эцэг Брэд Питтэй илүү олон цагаар уулзуулах үүргийг хүлээсэн ч тэдний хэрэг дээр ажиллаж байгаа шүүгч "Хүүхдүүд эцэгтэйгээ ямар ч харилцаа холбоогүй байгаа. Хүүхэд бүр эцэг эхтэйгээ эрүүл, бат бөх харилцаатай байх нь нэн чухал" хэмээн эдгээр бичиг баримтанд дурдсан байна.
Мөн шүүх Анжелина Жолигоос зургаан хүүхдийн гар утасны дугаарыг Брэд Питтэд өгч, хүссэн цагтаа хоорондоо саадгүй харилцах боломжийг нь бүрдүүлж өгөхийг шаарджээ. Ингээд ч зогсохгүй тэдний хоорондоо бичсэн зурвасыг Жоли унших эрхгүй бөгөөд яриаг нь ямар нэгэн байдлаар хянаж болохгүй аж.
Хэрэв Анжелина Жоли дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд хүүхдүүдийнхээ гол асран хамгаалагчийн эрхийг алдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал "Хэрэв бага насны хүүхдүүд эцэгтэйгээ холбоогүй хэвээр байвал нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдний Жолитой хамт байх хугацааг багасгаж, шүүхийн шийдвэрийн дагуу гол асран хамгаалагчийн үүрэг Питтэд шилжих болно" гэжээ.