АНУ НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс гарч байгаагаа мэдэгджээ
НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс гарч байгаагаа АНУ зарлаж байна гэж АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли сэтгүүлчдэд мэдэгджээ .
Тэрбээр хэлэхдээ “НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс бид албан ёсоор гарч байна. Энэ зөвлөл нь хүний эрхийг зөрчигчдийг дэндүү удаан өөгшүүлж байна. Гэсэн хэдий ч энэ байгууллагыг өөрчлөн сайжруулж, шинэчлэлт хийе гэсэн бидний уриаг дэмжихгүй нь тодорхой байгаа нь харамсалтай. Хүний эрхийг зөрчигчид энэ зөвлөлдөө үлдэж, эндээ сонгогдсоор байна” гэжээ.
Тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлийг хүний эрхийг басамжлан доромжилсон, хуурамч, хувийн ашиг хонжоо хайсан байгууллага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн хэдий ч хүний эрхийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаасаа АНУ ухрахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.









