Трамп-Кимийн уулзалтын хамтарсан мэдэгдлийн гол заалтууд
Өнөөдөр АНУ, Хойд Солонгосын удирдагчдын гарын үсэг зурж, баталгаажуулсан хамтарсан мэдэгдлийн талаар албан ёсны мэдээлэл гараагүй, хүлээгдэж байна.
Харин гарын үсэг зурах ёслолын үеэр Дональд Трамп мэдэгдлийг өргөж сэтгүүлчдэд харуулах үеэр буулгасан гэрэл зураг дээр үндэслэн хэвлэлүүд эхний дүгнэлтээ хийжээ.
Эндээс харвал талууд гол дөрвөн асуудлаар тохиролцоонд хүрсэн харагдаж байна.
Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд уг бичиг баримтыг гайхмаар энгийн, ерөнхий агуулгатай байгааг хэлж байгаа юм. Дональд Трамп өнөөдөр Сингапураас буцахаасаа өмнө буюу 16:00 цагт мэдэгдэл хийхээр товлоод байгаа.
Энэ үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх гэсэн хүлээлт сэтгүүлчдийн дунд үүссэн байна.
Трамп-Кимийн уулзалтын хамтарсан мэдэгдлийн гол дөрвөн заалт:
- Хоёр орны ард түмний амар амгалан амьдрал, хөгжил цэцэглэлтийн төлөө АНУ, БНАСАУ талууд хоорондын шинэ харилцааг үүсгэнэ.
- Солонгосын хойгт байнгын энх тайван байдлыг тогтоохын төлөө АНУ, БНАСАУ талууд хамтран ажиллана.
- 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд зарласан Панмунжомын тунхаглалын дагуу БНАСАУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө ажиллана.
- АНУ, БНАСАУ талууд дайны үеийн олзлогдогсод/сураггүй алга бологсдын шарилыг солилцоно.
Уулзалтын эхэнд Дональд Трамп, Ким Жон Ун нар зөвхөн орчуулагчтайгаар 40 орчим минутын турш хаалттай уулзсан. Энэ үеэр юу яригдсан, яригдсан зүйл нь хамтарсан мэдэгдэлд тусгагдсан эсэх нь одоогоор нууц байна.
Эх сурвалж: IKON.MN
|