Сурагчдыг ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ
Францын парламентын доод танхим бага болон дунд ангийн сурагчдыг сургууль дээрээ ухаалаг гар утас хэрэглэхийг нь хориглосон хуулийн төслийг сайшаан дэмжжээ. Хуулийг тус улсын Боловсролын яам санаачилсан бөгөөд сургууль дээр ухаалаг гар утас ашиглахыг хориглосны дүнд сурагчид хичээлдээ илүү анхаарал хандуулахаас гадна интернетийн орчинд сурагчдыг хавчин гадуурхах, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг үзэх явдалтай тэмцэхэд тусална гэж үзэж байгаа аж.
Хуулийн төсөлд зааснаар, 15-с доош насны сурагчид ухаалаг гар утсаа сургууль дотор болон сургуулийн орчин тойронд ашиглахгүй байх ёстой гэнэ. Түүнчлэн багш, сурган хүмүүжүүлэгч нар ч мөн адил ажлын цагаар гар утсаа ашиглахгүй байх нэмэлт өөрчлөлтийг уг хуулийн төсөлд оруулсан байна. Энэ хуулийн төсөл батлагдвал, шинэ хичээлийн жилээс буюу 9 дүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.