Жүдо бөхийн зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр солонгос нэгдсэн баг илгээнэ
Монгол Улсад энэ сарын 08-10-нд болох жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНСУ, БНАСАУ-ын баг тамирчид нэг далбаан дор жагсах болжээ.
Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахалж байгаа юм. Уг хорооны ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тэмцээний бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Тэмцээний бэлтгэл хангадсан бөгөөд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн 8 орны баг тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Ингэснээр Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй болж байгаа юм.
Мөн хуралдааны үеэр БНАСАУ болон БНСУ-ын жүдо бөхийн баг, тамирчид нэг далбаан дор жагсах болсныг зохион байгуулагчид хэллээ. Энэ нь БНАСАУ, БНСУ зуны спортын тэмцээнд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа анхны тохиолдол юм. Тэмцээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр Солонгосын Жүдо бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа аж.
Тэмцээнийг 8 улсын 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулах болжээ.
Эх сурвалж: montsame.mn
|