Түүхэн уулзалтын талаар дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлж байна вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт ирэх мягмар гаригт буюу зургадугаар сарын 12-нд Сингапурт өглөөний 09.00 цагт эхэлнэ гэж Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерс албан ёсоор мэдээллээ. Сингапур улс Монголтой цагийн нэг бүсэд оршдог. Уг мэдэгдэлд “Түүхэн уулзалтын бэлтгэл ажлыг амжилттай хангаж байгаа ч АНУ БНАСАУ-д тавьсан эдийн засгийн хоригийг үргэлжлүүлнэ” гэдгийг онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын харилцаа сайжирч байгаагаас "хатуу хориг" гэдэг үгийг ашиглахаас татгалзаж байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн Умард Солонгос хэрэв саналыг нь хүлээж авбал, БНАСАУ-д хийх АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч амлаад байгаа ажээ. “Түүхэн уулзалт”-аас тав хоногийн өмнө буюу энэ пүрэв гаригт Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх долоо хоногт Сингапурт айлчилж магадгүй байгаа аж. Хоёр орны төрийн тэргүүн нарын түүхэн уулзалтын талаар дэлхийн томоохон хэвлэлүүд хэрхэн мэдээлсэн талаар одоо танд хүргэе.
"Al Jazeera": "Хойд Солонгос тохиролцоо хийхэд бэлэн байгаа. Харин бууж өгч, дагаар орохгүй нь лав. Тэд цөмийн зэвсэгтэй. Гэхдээ АНУ Хойд Солонгосын аюулгүй байдлыг батлан дааж чадвал Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ татгалзах шийдвэр гаргах бүрэн боломжтой харагдаж байна".
"CNN": "Уулзалтаар Хойд Солонгосын хүлээж буй хамгийн чухал үр дүн бол аюулгүй байдал юм. Одоогоор Хойд Солонгос нь Өмнөд Солонгос болон АНУ хоёртой сайн харилцаатай болоогүй байгаа. Хэрэв АНУ тэдний эсрэг авсан хориг арга хэмжээгээ зогсоон, аюулгүй байдлыг нь батлан даавал Хойд Солонгосын талд ашигтай".
"Bloomberg": Хойд Солонгос цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа нь АНУ-ын удирдлагуудын санааг удаан хугацааны турш зовоосон. Тэд Хирошимагийн ойролцоо АНУ-д байгаагаас хүчтэй цөмийн бөмбөг туршсан нь бүр ч их түгшээсэн. Уг уулзалтаар тохиролцоонд хүрч чадвал хоёр талд ашигтай байх ч Хойд Солонгос илүү ихийг хожно".
Эх сурвалж: CAAK.MN
|