$150 мянгаар Трамптай уулзах боломжтой
Хятадын улсын томоохон хоёр банкны нэг нь баян үйлчлүүлэгчдэдээ хандаж, АНУ- д болох Бүгд найрамдах намын хандивын арга хэмжээнд оролцохын сацуу ноён Дональд Трамптай уулзахын тулд 150 мянган ам.доллар төлөхийг санал болгосон урилга гаргажээ. Хятадын Барилгын банкны хувийн үйлчилгээний хэлтэс ноён Трамптай зураг татуулахаас гадна Америкийн улс төр, бизнесийнхэнтэй танилцах боломж олгох аж. Даллас хотод болох уг арга хэмжээнд АНУ- ын хоригт өртөөд буй ZTP группийн төлөөлөгчид оролцохоор бүртгүүлснийг энд дурдсан байна.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ Хятадтай хийх өргөн зөвшилцлийн хүрээнд ZTP-ийн эсрэг хоригийг зөөлрүүлэх асуудлыг авч үзэж буйгаа мэдэгдсэн. Дээрх урилгад “АНУ, Хятадын худалдааны зөрчил саяхнаас намдаж, ZTP болон Хятадын бусад компанийн төлөөлөл Далласт болох Трампын зоогт уригдсан. АНУ- ын улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ” гэж онцолжээ. АНУ- ын хуулиар гадаадынхнаас хандив авахыг хориглодог боловч энэ сарын 31- нд болох арга хэмжээний урилга Хятадын иргэдэд нээлттэй байх аж.
Хятадын худалдааны зөвлөх Лиү Хе зууван танхимд Трамп болон түүний худалдааны багтай хэлэлцээ хийсний дараахан Барилгын банкны баян үйлчлүүлэгчидтэй холбоотой ийм мэдээлэл тарав. Баасан гарагт Хятадын тал Вашингтонд буулт хийж, Америкийн үр тарианд ногдуулахаар зарласан тарифаа цуцлахаа амласан юм. Хоёр тал “жижиг” гэрээ хийж, Вашингтон ZTP группийн эсрэг хоригоо эргэн харсны хариуд Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа зогсоох талаар хэлэлцэж байгаа юм.
Барилгын банкны Шэньжэнь дэх салбараас манай сонинд ирүүлсэн мэдэгдэлд хандивын арга хэмжээнд Хятадын баян иргэдийг урих санаачилгыг Хятадын бизнесийн холбоо болон VVisa аяллын агентлагтай хамтран зохион байгуулж байгааг тэмдэглэжээ. Гэхдээ банкны зарим ажилтан урилгад холбоотой боловч “тус банк арга хэмжээг зохион байгуулахад оролцоогүй” гэж уг мэдэгдэлд онцолсон байна. Түүнчлэн маркетингийн үйл ажиллагааг хамарсан дотоод хяналтаа чангатгахаа мэдэгджээ.
Dallas Morning News сонинд бичсэнээр ноён Трамп Бүгд найрамдах намын үндэсний хорооны хандивын арга хэмжээнд оролцох ёстой. Харин урилга нэг хүн 35 мянга, хос тасалбар 50 мянга ам.долларын үнэтэй байгаа нь Барилгын банкны санал болгож буйгаас хавьгүй доогуур юм. Ноён Трамп болон арга хэмжээг зохион байгуулагчдын аль аль нь Хятадын банкны урилга ба баян бизнесменүүдийг Далласын уулзалтад ирүүлэх талаар мэдэж байгаа гэх баримт алга.
Трампын кампанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Бид гадаадын ямар ч төрлийн хандив авахгүй. Ийм зүйл олны анхааралд өртсөн учир бид зохих албаны хүмүүст урилга тараах эрх олгоогүй гэдгээ мэдэгдсэн” гэжээ. Цагаан ордон уг асуудалд тайлбар өгөхөөс татгалзав. Харин VVisa компани Трампын оролцох зоог АНУ, Хятадын харилцааг бэхжүүлэх зорилготой бөгөөд урилга санал болгож буй нь Хятадын барилгын банкинд хамаагүй зүйл хэмээн тайлбарласан байна.
Габриел Вилдау