БНХАУ шинээр төрөх хүүхдийн тоог хязгаарлахгүй болж магадгүй
БНХАУ төрөлтийг хязгаарлах бодлогоо зогсоож магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тус улсын Төрийн зөвлөл энэ чиглэлд судалгаа хийж эхэлсэн бөгөөд энэ ондоо багтаан хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана гэж эх сурвалжийн мэдээлэлд онцолсон байна.
БНХАУ сүүлийн 40 жилд дэлхийн аль ч улсад байхгүй хүн амын хатуу бодлого явуулснаас иргэдийн дунд насжилт эрчимжсэн байна. 2030 он гэхэд тус улсын хүн амын дөрөвний нэг нь 60 ба түүнээс дээш настай иргэд байх тооцоо гарчээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 30 саяар даваад байна. БНХАУ 2015 онд "Нэг хүүхэд" бодлогоо зөөлрүүлж, нэг гэр бүл хоёр хүүхэдтэй болох зөвшөөрөл олгосон юм. Үүний дараа шинээр төрөх хүүхдийн тоо өсөөд байсан ч өнгөрсөн онд 3.5 хувиар эргэн буурч, 17.2 сая болжээ. Тус улсын хүн амын бодлогод АНУ, барууны орнууд шүүмжлэлтэй хандаж ирсэн юм. БНХАУ шинээр төрөх хүүхдийн тоог хязгаарласнаар үр хөндөлт газар авч, хүүхэд нууцаар өсгөх тохиолдлууд нэмэгдсэнийг ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|