Замын нүх даатгалын компаниудыг 4.2 сая фунт стерлингээр “торгов”
Их Британийн автозамын нүх, энхэл донхол ихэссээр байна.
Их Британийн муудсан замын хонхор хотгор, энхэл донхол даатгалын төлбөрийн мэдүүлэг ихсэх шалтгаан болж байна.
АА (Automobile Association) буюу Нэгдсэн вант улсын автомашины холбооны статистикаас үзвэл энэ оны эхний дөрвөн сард даатгалын компаниуд замын нүхнээс шалтгаалсан осол гэмтэлтэй холбоо бүхий 4200 мэдүүлэг хүлээн авчээ. Энэ нь 2017 оны эхний дөрвөн сартай харьцуулахад 171 хувиар өссөн үзүүлэлт аж. Замын хонхорхой, нүхнээс шалтгаалж Автомашины холбооны эргүүлүүдэд өгсөн дуудлагын тоо ч мөн адил хоёр дахин ихэссэн байна.
“Замын нүх тахал аятай тархсаныг үндэсний шившиг гэхээс өөрөөр хэлэх үг алга” хэмээн Автомашины холбооны даатгалын хэрэг эрхэлсэн захирал Жанет Коннор мэдэгдэв. “Жолооч нар нүх дайрснаас тулавч, жолоо, машины доод хэсгээ эвдэж, тэнхлэгээ хугалах, жолоо алдах, замын хашлага, гэрлийн шон мөргөдөг” хэмээн захирал тайлбарлаж байлаа.
Мөн “Энэ жил замын нүх хонхорхойноос үүдэлтэй даатгалын мэдүүлэг огцом ихсэж, машин ноцтой гэмтэж унах аргагүй болсон тохиолдол ердөө жилийн өмнө ганц ч гараагүй” хэмээв.
Их Британид өвөл хахир өнгөрсөн нь зам муудсаны бас нэгэн шалтгаан. Автозамд үүссэн ан цав борооны усанд угаагдан ихэссээр хүйтэнд хөлдөж тэлэн нүх үүсгэнэ. Ялангуяа хоёр, гуравдугаар сард Их Британийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан Сибирийн хүйтэн агаарын урсгал зам муудахад нэрмээс болжээ. Засгийн газар, орон нутгийн захиргаад автозамын арчилгаа засварт ахиу хөрөнгө гаргах шаардлагатайг хатагтай Коннор анхааруулж байна.
“Зам тээврийн сайд авто замын засварт 100 сая фунт стерлинг зарцуулах гэж байгаагаа гуравдугаар сард мэдэгдсэн. Гэхдээ л бид 1980-аад оноос хойш энэ улсын замын засварт олигтой зардал гаргалгүй өдий хүрлээ. Хөрөнгө гаргаж буй нь сайшаалтай ч хэмжээ бага байна. Орон нутгийн захиргааны төсөв бусад нэн шаардлагатай зардалд явчихдаг тул замын нөхөөсөнд зарцуулах мөнгөгүй” хэмээн захирал тайлбарлав.
“Наад нүхээ бөглө” (fillthathole) нэртэй дугуйчдын группийн вэбсайтад тавьсан судалгааг үзвэл Шотланд, Уэльсийн захиргаа замын нүх бөглөх ажилд хамгийн муу үзүүлэлттэй байна. Харин Хартлпүл, Ньюкасл, Рэдкер, Кливленд зэрэг Английн зүүн умард хэсэг нөхөөс тавихдаа шилдэг нь ажээ.
Ирэх жил 24 мянган миль буюу 38624 километр зам нөхөж засах шаардлагатайг Асфальтын үйлдвэрлэлийн холбоо анхаарууллаа.
Замын нүхтэй холбоотой даатгалын мэдүүлэг өгөх нь эрс ихсэж байгаа энэ явдал автомашины даатгал багасаж буй үетэй давхцав. Засгийн газар даатгалын нөхөн олговрыг багасгах шинэчлэл хэрэгжүүлэх гэж буйтай уялдан өнгөрсөн нэг жилийн хугацаанд даатгалын дундаж зардал буурсныг хэдхэн долоо хоногийн өмнө нийтлэгдсэн статистик баталж байна.
Оливер Ральф