Түүхэн уулзалтыг 41 орны 2800 гаруй сэтгүүлч сурвалжилж байна
Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 09:30 цагт БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөдийн газар нутагт хөл тавьснаар эхэллээ. 70 гаруй жилийн өмнө Солонгосын хойг хуваагдсанаас хойш БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНСУ-д хөл тавьсан Умардын анхны удирдагч болж байна. Хоёр удирдагч эхлээд хилийн шугамны хоёр талаас мэндчилж, гар барилцсан бөгөөд Ким Чен Уны санаачилгаар хоёулаа буцаж БНАСАУ-ын газар нутагт хөл тавилаа.
БНАСАУ АНУ-ын аль ч мужийг онилоод бөмбөгдөх чадвартай цөмийн бөмбөг бүхий пуужин хөгжүүлэх дэглэм барьж байгаа юм. Үүнээс хамаарч АНУ Ким Чен Уны дэглэмийн эсрэг эдийн засгийн хоригоо чангатгаж, сүрдүүлгээ үргэлжлүүлбэл цэрэг хүчний арга хэмжээ авна гэдгээ анхааруулаад байна. Тиймээс энэ удаагийн уулзалт талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах чухал ач холбогдолтой уулзалтад тооцогдож байгаа юм.
Одоогоор уулзалт ямар үр дүнд хүрэх нь удирдагчдаас өөрсдөөс нь шалтгаална гэдгийг БНСУ мэдэгдсэн юм. Талууд энхийн хэлэлцээр хийж магадгүй гэсэн таамаг ажиглагчдын дунд байна.
Уулзалтыг сурвалжлахаар 41 орны 2800 гаруй сэтгүүлч ажиллаж байна. Тэдний 870 орчим нь гадаадын үлдсэн нь дотоодын сэтгүүлч байгаа аж.