Хойд Солонгос 40 гаруй жилийн дараа анх удаа тэргүүн хатагтайтай боллоо
Өмнөд Солонгос болон АНУ-ын удирдагч нартай уулзахаасаа өмнө Ким Жон Ун өөрийн залуухан эхнэрт “тэргүүн хатагтай” өргөмжлөлийг оноосон байна.
Түүний эхнэр Ри Сол Жу олон арга хэмжээн дээр Кимийг дагалдаж яваа харагддаг бол өнгөрсөн долоо хоногт анх удаа Хятадын урлагийн тоглолтыг ганцаар үзэн сонирхож, олны нүдэн дээр бие даасан статусаа харуулжээ.
Мөн Хойд Солонгосын төрийн төв хэвлэл энэ тухай мэдээлэхдээ түүнийг “хүндэт тэргүүн хатагтай” гэж нэрлэсэн нь сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд анхны тохиолдол болсон байна.
Тус улсын гол чухал албан мэдэгдлүүдийг телевизээр уншдаг нэртэй хөтлөгч Ри Чун Хэ энэ мэдээг дуулгасан нь тэргүүн хатагтай гэх хэргэм албан ёсных болсныг илтгэжээ.
Ри Сол Жу нь алдартай дуучин байсан бөгөөд 2012 оноос Хойд Солонгосын элит хүрээний дунд үзэгдэж эхэлсэн юм. Тэргүүн хатагтайн шинэ нэр томъёог гаргаж ирсэн нь удахгүй болох Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчидтай хийх уулзалтын үеэр Хойд Солонгосыг дэлхий нийтэд “хэвийн улс орон” болохыг харуулах гэсэн бодлого гэж ажиглагчид тайлбарлаж байна.
Мөн эдгээр улсуудын тэргүүн хатагтай нартай нэг түвшинд Ри Сол Жуг тавих гэсэн санаа бололтой. Өмнө нь Хойд Солонгосын хэвлэлүүд түүнийг “нөхөр Ри Сол Жу” гэж нэрлэдэг байв.
Хамгийн сүүлд 1974 онд Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны хоёр дахь эхнэр Ким Сон Айг “тэргүүн хатагтай” гэж нэрлэж байсан гэнэ.
Ри Сол Жу одоо 29 настай, гурван хүүхэдтэй гэсэн албан бус мэдээлэл бий.
Түүнийг багш аав, эмч ээжтэй, жирийн гэр бүлээс гаралтай гэж Өмнөд Солонгосын тагнуулынхан мэдээлсэн байдаг.
Зарим шинжээчид Ким Жон Ун эхнэрээ өргөмжлөх болсон нь үргэлж хөшигний ард нуугдаж насыг барсан ээжтэй нь холбоотой гэж дүгнэжээ.
Удирдагчийн ээж Ко Ён Хуй нь Японд төрсөн хүн байсан тул 28 жил Ким Жон Уны эцэг Ким Жон Илтэй ханилж, гурван хүүхэд төрүүлэхдээ маш нууцлаг, даруу амьдарсан гэдэг.
Тэр 2004 онд хөхний хорт хавдраар нас барсан байна.
Эх сурвалж: AFP IKON.MN