Марк Закерберг хөрөнгө оруулагчдыг баярлуулж, хууль тогтоогчдыг “бухимдуулав“
АНУ-ын хууль тогтоогчид “Facebook”-ийг шалгах ажлыг эрчимжүүллээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг Сенат, Төлөөлөгчдийн танхимд хоёр өдрийн турш сонсголд оролцсон юм.
Ойролцоогоор 10 цаг үргэлжилсэн хоёр сонсголоор “Facebook” компани хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг, сүлжээгээр нь дамжиж ямар борлуулалт хийгддэг, үндсэн үйл ажиллагаатай нь холбоотой хэрэглэгчдийнх нь төдийлөн сайн мэддэггүй асуудлууд хөндөгдсөн байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс Сенатын гишүүдийн хүнд асуултуудад Марк Закерберг сандарч тэвдэлгүй, тайван хариулсан гэж дүгнэжээ. Харин хууль тогтоогчид “Facebook”-ийн бизнесээ явуулдаг арга барилд нь бухимдаж байгаагаа илэрхийлснийг ажиглагчид онцолж байгаа юм. Сонсголын үеэр Марк Закербергийн хариулаагүй олон асуулт үлджээ. Тиймээс сонсголын үйл явц цаашид үргэлжлэх төлөвтэй байна. “Facebook”-ийн зүгээс одоогоор “Cambridge Analytica”-аас өөр хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан тохиолдол байгаа эсэхийг шалгаж, олон мянган аппликэйшнд аудит хийж байгаа юм байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|