АНУ-ын эрх баригчид виз мэдүүлэгчдийн Facebook-ийг шалгадаг болно
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тамгын газраас тус улсад ирж буй бүх виз мэдүүлэгчдийн нийгмийн сүлжээний сүүлийн таван жилийн мэдээллийг шалгадаг болно гэжээ. Ингэснээр виз мэдүүлэгчид өөрсдийн Facebook болон Twitter-ийн мэдээллийг өгдөг болох юм.
Албан бус тооцоогоор жилд 14,7 сая хүн өөрсдийн нийгмийн сүлжээний хэрэглээг эрх баригчдад мэдэгддэг болох бөгөөд цагаачлалын болон цагаачлалын бус виз мэдүүлэх бүх хүмүүст хамаарах аж.
Үүнээс гадна сүүлийн таван жилийн утасны дуудлага, цахим шуудангаар харилцаж байсан хаягууд, аяллын түүх зэргийг хүртэл шалгах юм байна. Мэдээж хэрэг ямар нэгэн улсаас албадан гарч байсан эсвэл террорист үйл ажиллагаанд нэр холбогдож байсан эсэхийг нь хүртэл шалгана.
Харин визгүй зорчдог Их Британи, Канад, Франц, Герман улсын иргэдэд энэ шаардлага хамаарахгүй аж. Эрх баригчид энэхүү саналаа ямар нэгэн хэт туйлширсан үзэлтнүүдийг ялгахад хэрэг болно хэмээн тайлбарлажээ.
Гэхдээ эрх баригчид эцсийн байдлаар батлахаас өмнө хоёр сарын хугацаанд олон нийтээс санал сонсох аж.
Нийгмийн сүлжээ нь зөвхөн Facebook, Twitter-ээр хязгаарлагдахгүй бөгөөд Instagram, LinkedIn, Reddit, Youtube тэр ч бүү хэл Хятадын Weibo, Оросын VK зэрэг бүх нийгмийн сүлжээ хамаарах юм байна.
Эх сурвалж: BBC