БНХАУ АНУ-ын 128 нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмлээ
АНУ ган, хөнгөн цагааны импортын татварыг нэмэгдүүлсний хариуд БНХАУ мөн АНУ-ын гахайн мах, жимс зэрэг 128 нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх болжээ.
Татварын нэмэгдлийг энэ даваа гарагаас эхлэн хэрэгжүүлэхээр болсныг тус улсын Сангийн яам мэдэгдлээ. “Энэхүү шийдвэр нь АНУ-ын худалдааны бодлогоос эрх ашгаа хамгаалахад чиглэсэн” гэдгийг БНХАУ-ын Худалдааны яам онцолсон байна. Ийнхүү АНУ-ын импортын зарим бараа, бүтээгдэхүүний татварыг нэмснээр БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын хувиар хүлээсэн үүргээ түр хугацаанд түдгэлзүүлж байгаа юм. Үүнд АНУ-ын 120 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг бууруулах гэсэн заалт тусгагдсан байдаг аж. Тоон үзүүлэлтийг харвал АНУ-аас импортолсон жимс жимсгэнэ, самар зэрэг 120 нэр төрлийн бүтээгдэхүүнд 15 хувийн, гахайн мах зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулсан байна. Хэдий тийм боловч БНХАУ харилцаагаа муутгахаас сэргийлэхийн тулд АНУ-тай худалдааны хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Түүнчлэн АНУ-ын тал ган, хөнгөн цагааны импортын татварын асуудлаар яриа хэлэлцээ хийх хүсэлтэд одоог хүртэл хариу өгөөгүй гэдгийг баталгаажуулаад байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|