Импортын татвар ногдуулах Дональд Трампын шийдвэр АНУ-д сөргөөр нөлөөлнө
“Хэрвээ худалдааны дайн гарвал эрх ашгаа хамгаална” гэж БНХАУ мэдэгдлээ. Мөн “Импортын татвар ногдуулах Дональд Трампын шийдвэр АНУ-д сөргөөр нөлөөлнө” гэдгийг анхааруулсан байна.
БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лью Хи АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтэй утсаар холбогдож “Оюуны өмчийн асуудлаар явуулсан АНУ-ын хяналт шалгалт олон улсын хууль эрх зүйг зөрчсөн” гэдгийг мэдэгдсэн байна. Мөн “Зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулах АНУ-ын засаг захиргааны шийдвэр хоёр улсын эрх ашигт сөрөг нөлөөтэй” гэсэн байр суурь илэрхийлснийг “Xinhua” агентлаг мэдээлжээ. Хэдий тийм боловч БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Эдийн засгийн ахлах зөвлөх Лью Хи "Хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцааны тогтвортой байдлыг хангаж, хамтран ажиллах хэрэгтэй" гэж уриалсан байна. Харин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин “Худалдааны асуудлаар БНХАУ-тай хэлэлцээрт хүрнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
“Bloomberg”-ийн шинжээч Марк Никуетте “Үүнийг маргаангүй эхлэлийн цэг гэж харж болно. Учир нь АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин БНХАУ-тай яриа хэлэлцээ хийх боломжийн талаар онцолсон. Мөн тэрбээр БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лью Хитэй үр дүнтэй харилцан яриа өрнүүлснээ дурдаад, БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулах Дональд Трампын төлөвлөгөөтэй холбоотойгоор яриа хэлэлцээ хийх боломжтой гэдгээ илэрхийлээд байна” хэмээн онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 60 тэрбум ам.долларын импортод гаалийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм. Мөн технологийн компаниудаа хамгаалах зорилгоор БНХАУ-ын компаниудын хөрөнгө оруулалтад шинээр хязгаарлалт тавихыг Стивен Мнучинд үүрэг болгожээ. Хариуд нь БНХАУ АНУ-ын гурван тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө танилцуулаад байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|