Сөүл хотын захиргаа цаг хэтрүүлж ажиллахыг зогсоохын тулд компьютеруудыг хүчээр унтраана
Өмнөд Солонгосын нийслэл хотын захиргаа оффисын ажилтнуудыг илүү цагаар ажиллуулахгүйн тулд долоо хоногийн Баасан гарагт бүрт компьютеруудыг хүчээр унтрааж байх санаачилга гаргажээ.
Тус улсын иргэд хамгийн олон цагаар ажилладгаараа дэлхийд тэргүүлдэг. Өмнөд Солонгосын төрийн албан хаагчид жилд дунджаар 2,739 цаг ажилладаг нь бусад хөгжингүй орны иргэдээс даруй 1,000 цагаар илүү байгаа юм.
Сөүлийн захиргаа компьютер унтраах ажиллагааг ирэх гурван сарын хугацаанд шат дараатай хэрэгжүүлэхээр болжээ. Нэгдүгээр шат нь энэ сарын 30-ны Баасан гарагт тохиож 20:00 цагаас бүх компьютеруудыг шууд цахилгаанаас салгана.
Хоёрдугаар шатанд дөрөвдүгээр сарын хоёр ба дөрөв дэх Баасан гарагуудад компьютеруудыг 19:00 цагаас унтраах юм.
Харин гурав дахь шатанд тавдугаар сараас эхлэн бүх Баасан гарагуудад компьютерыг 19:00 цагаас шууд унтраадаг болж, цаашид хэвших гэнэ.
Ажилтнууд өөрсдөө тухай цагуудад компьютерээ унтрааж, ажлын байраа орхих үүрэгтэй болж байгаа ба зарим онцгой тохиолдолд хэтрүүлж ажиллахыг зөвшөөрөх ажээ.
Гэхдээ хотын захиргааны бүх ажилтнуудад энэ дүрэм үйлчлэхгүй, 67 орчим хувь нь эхний ээлжинд компьютерээ хүчээр унтраах үүргээс чөлөөлөгдөх гэнэ.
Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын парламент долоо хоногийн ажлын цагийн хязгаарыг 68-аас 52 болгож бууруулсан юм.
Эх сурвалж: BBC